ТОДРУУЛГА: Төрийн өмчийн хороог корпораци болгож, МИАТ-ыг хувьчлахаар болжээ

ТОДРУУЛГА: Төрийн өмчийн хороог корпораци болгож, МИАТ-ыг хувьчлахаар болжээ

-ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА-

Намрын ээлжит чуулганыг ирэх сарын 01-ны өдөр /2021.10.01/ нээнэ. Намрын чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулж  төрийн өмчийн нэр бүхий компани, үйлдвэр, аж ахуй нэгжүүдийг хувьчлахаар бэлтгэж эхэлжээ. Уг асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэж шаардлагатай бэлтгэл ажлыг хангаж буй талаар эх сурвалж мэдээлэв.

Мөн төрийн өмчийн компаниудыг ашигтай ажиллуулахын тулд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын корпораци болгон өөрчилж компанийн түвшинд ажиллуулахаар болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг өөрчлөлтийн хүрээнд хамгийн эхэнд МИАТ ТӨХК-г хувьчлах аж. 

Уг мэдээллийг баталж буй мэт Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нар тус компанийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрч үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрсэн талаар олон нийтэд нээлттэй мэдээлэв.

-МИАТ-ЫН АЛДАГДАЛ 93 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ-

МИАТ ТӨХК-ийн алдагдал өнөөдрийн байдлаар 93.2 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнийг Зам тээврийн яамнаас нээлттэй мэдээлж буй нь нэгэнт тус компанийг хувьчлах нь тодорхой болсныг илтгэнэ. Тиймээс ч ойрын хугацаанд МИАТ-ын хувьчлалыг Засгийн газрын хуралдаанаар ярилцах нь.

Ганц МИАТ гэлтгүй төрийн өмчийн бүхий л компаниуд олон жилийн хугацаанд үр ашиггүй ажиллаж ирсэн. Энэ байдлыг өөрчлөхийн тулд ашиггүй компаниудын олонхийг хувьчилна гэсэн мэдээлэл байна.  МИАТ-ын хувьд хоёр хүний хийх ажлыг таван хүн хийдэг буюу хүний нөөцийн хэт том бүтэцтэйгээс гадна менежментийн буруу үйл ажиллагаа явуулдаг зэрэг нь өрөнд оруулж, алдагдал хүлээхэд хүргэсэн гэж олон нийт ярьдаг.

Энэ нь улс төрчдийн шахааны хүмүүсийг ажилд авдаг, тендер, төсөв, төсөл зэрэг бүхий л үйл ажиллагаа нь мөн хуйвалдаан, шахаан дор явагдагттай холбоотой гэгддэг.  Ямартай ч энэ мэт асуудал нь тус компанийг хувьчлахад хүргэж байна.

Энэ нь ч зарим талаар ашигтай байж болох бөгөөд тийзний үнэ буурахаас эхлээд ганц компани монополдох бус авиа компаниудын дунд эрүүл өрсөлдөөн бий болно гэж олон нийт үзэж буй. Хамгийн их анхаарал татаж буй асуудал нь хувьчлалаар тус компанийг ХЭН, АЛЬ КОМПАНИ авах вэ. Энэ тухай мэдээллийг бид эргэн хүргэх болно.

Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу.