Өнгөрсөн есдүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралд манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, “Монгол улс 1 тэрбум мод тарих төлөвлөгөөтэй” байгаа хэмээн дэлхий дахинд зарласан билээ.Тэгвэл тус амлалтын хүрээнд ЗХЖШ, болон Батлан хамгаалах яамны зүгээс нэгдсэн байна.
БХЯ цахим хуудаснаа, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж, ойн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулаад байгаа. Тус уулзалтаар “Мод тарьж ургуулах бол улс төржиж, намчирхаж, хийрхэх зүйл биш. Талцал, хуваагдлаа больж, байгаль орчноо хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг үндэстнээрээ эв нэгдэлтэй, нэг зүгт харж зүтгэх цаг болсон. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, ялангуяа үндэсний томоохон компаниуд манлайлан оролцоно гэдэгт найдаж байгаа. Мөн Зэвсэгт хүчнийг татан оролцуулахаар төлөвлөж байгаа” хэмээн мэдэгдсэн. Үүний дагуу “Тэрбум мод” тарих ажлыг Зэвсэгт хүчний алба хаагчид эхлүүлээд байна. Тухайлбал, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн алба хаагчид ангийнхаа байрлалд чацарганын 400 ширхэг мод тарилаа.Ганц ангийн байрлалаа ногоон төгөл болгох бус налайх дүүргийг ногоожуулах, моджуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд 10 дугаар сарын 4,5-ны өдрүүдэд тус дүүргийн Цэнгэлдэх хүрээлэнд 500 гаруй мод тарихаар төлөвлөжээ.
Үндэсний хэмжээнд яригдаж буй тус “тэрбум мод” хөдөлгөөний талаар иргэд, албан байгууллага санал санаачилгатай, идэвхтэй оролцож байгаа юм. Тухайлбал, "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар нэгдэж, ирэх 10 жилд 100 сая, “Эрдэнэс Таван толгой” хувьцаат компани тонн нүүрс тутамд нэг буюу 2030 он хүртэл 176 сая мод тарьж, ургуулахаар болжээ. Нийт газар нутгийн 76.9 хувь нь буюу 120 сая га талбай цөлжилтөд өртөж, газрын доройтолд орсон энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч цаг үеэ олсон санаачилга гаргасан гэдгийг олон хүн онцолж байгаа юм" гэжээ.