Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагаас буюу есдүгээр сарын 27-оос эхлэн 40 цэгээр сайжруулсан шахмал түлш худалдаалж эхэлсэн. Гэвч цаг агаар хүйтэрсэн тул айл өрхүүдийн түлшний хэрэглээ нэмэгдэж, борлуулалтын цэгүүдэд ихээхэн оочер, дараалал үүссэн талаар бид сурвалжилж байв.
Аравдугаар сарын 1-ээс эхлэн сайжруулсан түлш худалдаалах цэгийн тоог нэмсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 281 цэг ажиллаж байна. Тэгвэл энэ долоо хоногт цэгийн тоог 450 болгох талаар Тавантолгой түлш компанийн төлөөлөл нийслэлийн Засаг даргад танилцуулжээ.
Энэ таоаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний нөөц өмнөх оноос 25 мянган тонноор бага байна. Энэ нь зүүн үйлдвэрийг нүүлгэнэ хэмээн таван сар зогсоосонтой холбоотой" гэв.