Орос Монголын хамтарсан “Сэлэнгэ” цэргийн сургуулилт 2008 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж, энэ жилийн хувьд есдүгээр сарын 20-ноос энэ аравдугаар сарын 05-ны хооронд болж байна.
Энэ жилийн сургуулилалтад Монгол улсын зэвсэгт хүчин, ОХУ-ын Дорнодын цэргийн хорооноос нийт 1400 цэрэг, алба хаагч оролцсон бөгөөд ОХУ-ыг төлөөлж дорнод Сибирийн Буриадын нэгдсэн зэвсэгт армийн бүрэлдэхүүн олон улсын терроризмтой тэмцэх тал дээр харилцан туршлага солилцжээ.
Тэгвэл тус сургуулилтын үеэр Орос, Монголын цэргүүд “Ми-8” нисдэг тэргээр анх удаа хамтарсан нислэг хийсэн аж. Мөн манай улсын уулархаг хээрийн бүсэд цаг уурын хүнд нөхцөлд явагдаж байгаа бөгөөд “Ми-8” нисдэг тэрэгний багийнхан анх удаа хамгийн хүнд даалгавруудын нэг болох байлдааны талбараас шархадсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх тактик боловсруулж, түүнчлэн агаараас мина тавих сургуулилалтыг анх удаа хийжээ.