Төв аймгийн Заамар сумын Төмөртэйн 2 дугаар багийн нутаг “Доргол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км, сумын төвөөс баруун зүгт 40 км/-т “Прадо-150” загварын автомашинтай 5 иргэн загасчилж байгаад “Туул” голыг гатлах үедээ автомашин нь усанд сууж 2 хүн голд осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн байгууллагаас 10.05-ны өдрийн 22:21 цаг хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 96 км замыг туулан 01:45 цагт очин эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 05:40 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Б /49 настай, эрэгтэй/-ийн цогцсыг осолдсон газраас зүүн хойд зүгт 1 км-т голын уснаас олж, Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 10.07-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, компанийн ажилтнууд Улаанбаатар хотын харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/-г Лүн сумын Хайлааст багийн “Доргол” гэдэг газраас “Бетон гүүр” гэдэг газар хүртэл 70 км-т голын усаар завьтай урсаж, 5 метрийн гүнд 8 удаа шумбалт хийж, голын эрэг дагуу 25 км-т явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:14 цагт түр зогсоосон. Мөн өдрийн 15:21 цагт тухайн иргэдийн унаж явсан “Прадо-150” загварын суудлын автомашиныг “Туул” голоос татан гаргасан. Өнөөдрийн байдлаар эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна.
Г. Мөнхбаяр