Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар “Андлалын өргөө” гэх цогцолбор байгууламжийг Хэнтий аймгийн Батноров суманд барьсан ч оюуны өмчийн маргаан үүссэнтэй холбоотойгоор өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдөр нураасан. Тодруулбал, тус байгууламжийн зохиогч Д.Эрдэмбилэг агсны ар гэрийнхний хүсэлтээр нураасан билээ. Тус хөшөөг “Хос санаа" компани босгосон бөгөөд уг ажилд зарцуулсан улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийг буцааж төлсөн.
Тэгвэл тус хөшөөг дахин босгох ажлыг эхлүүлжээ. Дахин барих хөшөөний зохиогчоор МУЭ-ийн шагналт, МУУГЗ, олон улсын “Норд арт” фестивалийн Гран при шагналт уран барималч А.Очирболд оролцож байгаа юм байна. Тэгвэл түүни хийж буй хөшөөний зураг олон нийтэд дэлгэгджээ.
Уран барималч А.Очирболд Монголын нэрийг дэлхийд гаргаж яваа цөөн уран бүтээлчийн нэг билээ. Түүний урласан Монгол морьдын хөшөө эх орны дайны ялалтын бэлгэ тэмдэг болж Москвад заларсан бол “Ухамсар” хэмээх бүтээл нь НҮБ-ын төв байрны талбайд сүндэрлэсэн байдаг. Мөн хөшөөг барих ажлын хандивын аяныг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахлан зохион байгуулж байгаа юм.