Ц.Билэгтсайхан: Тархалт буурах төлөвтэй байна

Ц.Билэгтсайхан: Тархалт буурах төлөвтэй байна

Эрүүл мэндийн яамнаас долоо хоног бүрийн Баасан гаригт Covid-19-ийн нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Ц.БИЛЭГТСАЙХАН:-Одоогийн байдлаар халдварын гуравдугаар давлагааны оргил үед ирсэн байна. Есдүгээр сарын сүүлийн долоо хоног болон аравдугаар сарын эхний хоёр долоо хоногт оргил үе дээрээ байгаа. Үүнийг хэд хэдэн үзүүлэлтээр дүгнэдэг. ПСР шинжилгээ, нас баралт, шинжилгээний эерэг илэрц зэргийг харьцуулан үзэж уг тархалтыг үнэлдэг. Одоогоор тархалт буурах хандлагатай байна гэсэн ерөнхий төлөвтэй байна.

ХӨСҮТ-ИЙН ДАРХЛААЖУУЛАЛТЫН АЛБАНЫ ДАРГА О.ДАШПАГМА: -Бүрэн тун хийлгэсэн хүмүүс халдвараар өвдсөн тохиолдолд гуравдугаар тунг хийлгэх шаардлагагүй. Гэхдээ өвдсөн тохиолдолд хүндрэх эрсдэлээс хамгаална гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Одоогийн байдлаар нийт хүн амын 90.5 хувь нь Covid-19-ийн вакцины эхний тунг хийлгэсэн бол нийт хүн амын 69.2 хувь нь бүрэн дархлаажуулалтад хамрагдсан. Наймдугаар сараас эхэлж дархлаа сэргээх гуравдугаар тунг хийж байгаа. Улсын хэмжээнд гуравдугаар тунд 332 мянган иргэн буюу нийт хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн 15.6 хувь нь нэмэлт тунд хамрагдсан. Насны ангиллаар авч үзэхэд 55-аас дээш насны хүмүүс гуравдугаар тунг идэвхтэй хамрагдаж байгаа ч хангалттай хэмжээнд иргэд вакциндаа хамрагдахгүй байна. Цаашдаа 18-аас дээш насны иргэд идэвхтэй хамрагдах хэрэгтэй.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА Н.БАЛДАНДУГАР: -Баянгол дүүргийн хэмжээнд 53 мянга 761 иргэн халдвар авсан. Халдвар авсан иргэдээ 47 мянган иргэн эмчлэгдсэн. Халдварын тохиолдолд өдөрт 500-гаас доош буухгүй байна. Халдварын тархалт нэмэгдэхийн хэрээр тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж, 653 ор дэлгэж ажиллаж байгаа нэмэлтээр 800-аад ор дэлгэж ажиллаж байна. Зорилтот бүлгийн иргэд буюу архаг хууч өвчтэй иргэдийн биеийн байдал хүндрэх эрсдэл өндөртэй. Одоогийн байдлаар нарны гүүрний хэсэг буюу гуравдугаар хороо хамгийн өндөр тархалттай байгаа. Тиймээс энэ амралтын өдрүүдэд тандалтын баг гаргаж ажиллахаар болсон.

Г. Мөнхбаяр