Засгийн газраас ирэх жил хүүхэд харах үйлчилгээг сэргээхээр 2022 оны төсөвт 2.6 тэрбум төгрөг төсөвлөжээ. Ингэхдээ хүүхэд харах үйлчилгээ ажиллуулах журмыг шинэчлэн батлах юм байна. Анх хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг 2015 онд баталж, 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн ч сүүлийн жилүүдэд хүүхэд харах үйлчилгээний төсвийг төсөвт тусгахаа байсан билээ.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Хүүхэд харах үйлчилгээ төсвийн тухай хуулийг дагаад ХНХЯ-ны харьяалах асуудлын хүрээнд орж ирж байгаа. Хүүхэд харах үйлчилгээг бид хүүхэд хамгааллын үйлчилгээтэйгээ нэгтгэж, шинэ зохицуулалт хийхээр ажиллаж байна.
Хүүхэд харах үйлчилгээний анхны санаа цэцэрлэг, сургуулийн хүртээмж багатай алслагдсан хороо, дүүргүүд, багууд дээр цэцэрлэгийг орлох үйлчилгээ байсан. Жилд 5000 орчим хүүхэд энэ үйлчилгээнд хамруулж 2.6 тэрбум төгрөгийг төсвийг жил бүхэн тавьдаг байсан.
Боловсролын багц хууль дээр сургуульд элсэх хүүхдийг бүгдийг нь сургуулийн өмнөх боловсролд хамруулсан байна гэдэг агуулгаар таван настнуудыг 100 хувь цэцэрлэгт хамруулах бодлого явж байгаа. Тиймээс гурав хүртэлх насны хүүхдүүдийг харах үйлчилгээ, асаргаа сувилгаа хувилбарт үйлчилгээг бий болгох ёстой гэдэг агуулгаар хүүхэд харах үйлчилгээг сэргээж байгаа. Ирэх жил энэ үйлчилгээнд 2.6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Үйлчилгээний стандартуудаа дахин шинэчилнэ" гэсэн юм.