Г.Ёндон: Төр шатахууны үнийн асуудалд оролцоод байх нь маш буруу

Г.Ёндон: Төр шатахууны үнийн асуудалд оролцоод байх нь маш буруу

Шатахууны нөөцийн асуудлаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл хийжээ.

Тэрбээр, "Манай улсын шатахууны нөөц сэргэж байна. Өнөөдрийн байдлаар ОХУ-аас импортолж буй 17 вагон буюу 1034 тонн шатахуун Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирлээ. Мөн ОХУ-ын нутаг дэвсгэрт тээвэрлэн яваа 12 вагон, 724 тонн шатахуун ирж байгаа. Түүнчлэн өнөөдөр Хөх хотоос ачигдсан 50 вагон өглөө 11:25 минутад Эрээнд ирээд байна. Эдгээр шатахуун орж ирснээр нөөц нэмэгдээд явна.

АПЕК-ийн орнуудын хуралдаан аравдугаар сарын 04-нд болсон. Энэ хуралдаанаар шатахууны олборлолтыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн. Харамсалтай нь олборлолтыг нэмэгдүүлсэнгүй.

Сар бүр АПЕК-ийн орнуудад олборлолтын хэмжээ хэрхэн нэмэгдэхээс шатахууны үнийн асуудал шууд хамаардаг. Тэгэхээр манайд үнэ нэмэгдэх урьдчилсан нөхцөл байдлыг бий болгож байгаа. Ойрын хугацаанд Үнийн зөвлөл аж ахуй нэгжүүдтэй хуралдана.

Өнгөрсөн хавар эдийн засаг 5.3 хувиар хасах болсон үед иргэдийн амьжиргаанд аль болох бага дарамт учруулах, бага зардал гаргах чиглэлээр АИ-92 бензиний үнэд Төр оролцож импортлогч аж ахуй нэгжүүд маань зургадугаар сарыг хүртэл үнийг барьсан. Энэ хугацаанд ААН-үүд 70 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэх тооцоо бий. Тиймээс цаашид Төр шатахууны үнийн асуудалд оролцоод байх нь маш буруу. Есдүгээр сард үүссэн шатахууны хомсдол, үнийн асуудал хоёр харилцан уялдаатай. Тийм учраас төр дахин шатахууны үнэд оролцох ёсгүй. Шатахууны үнэ төрийн шийдвэрээр бус гадаад зах зээлээс хамаардаг" гэсэн байна.