Засгийн газрын өчигдрийн /2021.10.14/ хуралдаанаар Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах ажлын явцыг хэлэлцсэн. Түгжрэлийг бууруулахын тулд буруу хүрдтэй машины импортыг хориглох хуулийн төсөл боловсруулж байгаа юм.
Энэ талаар НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан мэдээлэл өгчээ. Тэрбээр "Улаанбаатар хотод 650 орчим мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Гэхдээ буруу хүрдтэй машины импортыг хориглохдоо эхлээд хугацаа заах ёстой. Өнөөдөр шийдвэр гаргаад маргааш гэнэт зогсоох боломжгүй. Сангийн яам, Зам тээвэр хөгжлийн яам, Засгийн газар дээр энэ асуудлууд яригдаад одоогийн байдлаар хугацаа, зохицуулалтын асуудал ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, ирэх жилээс хориглоно ч гэдэг юм уу асуудал байхгүй. Ямар ч байсан ойрын хугацаанд үүнийг шийдье гэдэг нэг чиглэл рүү бүгд харж чадсан. Шууд өнөөдөр хориглох боломж байхгүй. Салбар яамд, нийслэл, Засгийн газар, УИХ гэсэн үе шаттай явах учраас одоо ярихад эрт байна. Нөгөө талдаа иргэд ч энэ талаар маш их санал гаргаж байгаа. Иргэдийн оролцоо чухал.
Өнөөдөр байгаа 650 орчим мянган машинаа гэнэт зогсоож болохгүй. Олон улсын маш олон туршлага байгаа. Тиймээс өнөөдөр байгаа машинуудаа яах вэ гэдэг хамгийн чухал асуудал. Түүнээс импортыг зогсоох хамгийн амархан.
Улаанбаатар хотын хөгжил Монгол Улсын хөгжилтэй уялдаатай учраас Засгийн газар шийдвэр гаргаж 420 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр нийслэлд зарцуулна гэсэн шийдвэр гаргасан. Энэ бол маш том алхам. Яагаад гэхээр өнгөрсөн хугацаанд зөвхөн төсөв харж асуудлаа шийдэх ямар ч боломжгүй гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн" гэжээ.