Хотын захиргаа арванхоёрдугаар сарын 31-ны дотор багтан Яармаг руу нүүх боломжгүй болжээ

Хотын захиргаа арванхоёрдугаар сарын 31-ны дотор багтан Яармаг руу нүүх боломжгүй болжээ

Засгийн газрын өнгөрсөн сарын 08-ны өдрийн /2021.09.08/ хуралдаанаар нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албыг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлэх тогтоолыг гаргасан. 

Тогтоолтой холбоотойгоор бэлтгэл ажлыг хангах чиглэлийг Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазарт үүрэг болгосон билээ. Дээрх байгууллагуудыг Яармаг дахь шинэ цогцолбор барилга руу нүүлгэхээр шийдвэрлэсэн. 

Тэгвэл дээрх байгууллагууд арванхоёрдугаар сарын 31-ны өдөрт багтан Яармаг руу нүүж амжихгүй болсон байна. Учир нь шинэ байрны барилгын А блок  дууссан бол Б блок 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байгаа аж. Барилгын ажлыг дуусгах хөрөнгөгүй бөгөөд санхүүжилтийг нийслэлийн төсөв, "Хангарьд" ордны дуудлага худалдааны эх үүсвэрээс бүрдүүлэхээр төлөвлөжээ. 

Гэхдээ нээлттэй дуудлага худалдаа хийх боломжгүй учир НИТХ-аар дахин энэ асуудлыг хэлэлцэх юм байна. Үүний хойш Б блок барилгыг 2022 оны эхний улирлуудад багтаан ашиглалтад оруулсны дараа нүүх аж. Мөн одоогийн байдлаар шинэ байрны А блокт жирэмсэн эмэгтэйчүүдийг эмчлэх ор дэлгэсэн байгаа. Тиймээс энэ эмнэлгийг шууд гар гэх боломжгүй байна гэж НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэлжээ. Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 31-нд нүүнэ гэж хэлэхэд хүндрэлтэй байгаа. Тиймээс Засгийн газарт асуудлаа тавьж, ажлын хэсэг дээр асуудлыг дахин ярина" гэсэн байна.