“Оюутолгой”-н гүний уурхайн хөрөнгө оруулалтын зардал 30 гаруй хувиар нэмэгдэж ашиглалтад орох хугацаа нь 2023 оны нэгдүгээр сар хүртэл хойшилсон. Үүнээс болж Монгол улсын хүртэх ашгийн хувь хэмжээ буурах магадлалтай байгаа юм. Засгийн газар “Рио Тинто”, “Туркойз хилл ресурс” компаниудтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж буй юм.
Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ долоо хоногт “Оюутолгой”-н яриа хэлэлцээний талаар УИХ-д хаалттай мэдээлэл өгөх аж.
Монгол Улс дахь Covid-19 цар тахалтай холбоотой өндөржүүлсэн хязгаарлалтууд гүний уурхайн төслийн үр дүнд ихээхэн нөлөөлжээ. Эдгээр хязгаарлалтад нийцүүлэн өнгөрсөн хоёрдугаар улиралд уурхайн талбар дахь ажиллах хүчний тоог төлөвлөснөөс 25 хувиар доогуур байлгасан байна.