Комедиан Д.Амартүвшин "No Double Standart" хөдөлгөөнийг зохицуулагч Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг баривчилсныг эсэргүүцэн сүүлийн үед Сүхбаатарын талбайд үзэл бодлоо илэрхийлж байсан билээ.
Тэгвэл тэрбээр өчигдөр/2021.10.20/ Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарлаж буй иргэн н.Чинбаттай уулзахаар очих үеэрээ Т.Бадар-Ууган гэх иргэнтэй маргалдаж, гар зөрүүлсэн бичлэг олон нийтийн сүлжээнд түгсэн. Улмаар Т.Бадар-Ууган гэх иргэн хэн болох талаар иргэд багагүй сонирхож байна. Тиймээс бид болсон явдлын талаар түүний эхнэр О холбогдож тодрууллаа.
-Сайн байна уу. Өчигдөр яг юу болсон юм бэ. Та нөхөртэйгөө болсон үйл явдлын талаар ярилцсан уу?
-Би нөхөртэйгөө хамт яваагүй байсан болохоор хагас дутуу бичлэг л үзсэн. Уг нь бид хоёр хаана ч явсан хамт явж байдаг юм. Харин өчигдөр миний хувьд коронавирусийн халдвараар өвдөж, тусгаарлалтад орчихсон байсан. Нөхөр маань шинжилгээ өгч сөрөг гарсан учраас ганцаараа ажил хөөцөлдөн явж байгаад ийм асуудал үүсгэсэн байсан. Нөхөр маань 2017 онд цусны хорт хавдраар оношлогдож, чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Саяхан өвчин нь сэдэрсэн талаар мэдээ сонсож ойрд маш их сэтгэлийн дарамттай байгаа. Хэрэв хамраас нь цус гарчихвал маш аюултай нөхцөл байдал үүснэ. Тиймээс тухайн үед маш их айчихсан, шоконд орсон байсан. Өвчин нь сэдэрсэн, би өвдчихсөн, дээрээс нь өөрөө халдвар авчихвал тэсэхгүй. Хавдрын эмчилгээний өртөг маш өндөр. Энэ мэт асуудлаас болж нэлээн бухимдалтай явж байгаад ийм байдалд орсон юм байна лээ.
-Нөхөр тань цагдаад цэнхэр үнэмлэх үзүүлж байсан. Улс төрийн албан тушаалтан байх гэж зарим иргэн цахим сүлжээнд бичиж байна?
-Ямар ч тийм зүйл байхгүй ээ. Сонгуулийн үеэр энд, тэнд хүмүүстэй таарахдаа хамт авахуулж байсан зургийг нь аваад тавьчихсан байсан. Хорт хавдрын дараа өнөөдрийг хүртэл гам барьж ирсэн учраас хэдийдээ ажил төрөл хийх билээ. Ажилд оръё гэсэн ч 90,95 хувийн группэд байдаг хүнийг авдаггүй юм байна лээ.
Спортод сонирхолтой, өөртөө таарсан хөнгөн дасгал хийж каратегаар хааяа хичээллэдэг байсан. Түүнийг нь зарим хүн дур зоргоороо бичсэн байна лээ.
Тухайн үед цагдаад хөгжлийн бэрхшээлтэй гэсэн цэнхэр үнэмлэхээ үзүүлэхийг оролдсон байсан. Өөрөө надад сайн дураараа өлсгөлөн зарлаж байсан хүмүүст бухимдсан гэж хэлсэн. Тэр үйлдлээ нийгэмд эвгүй илэрхийлчих шиг боллоо. Нөхөр маань архи, дарс уугаад явж байгаа хүмүүст их эмзэг, бухимдалтай ханддаг. Нэг нь л амьдрах хорвоод хүмүүс яагаад бие биенээ тоохгүй ингэдэг юм гэж гэж их бухимддаг хүн. Өвдөж үзсэн хүн л ойлгох байх. Баашилсан гэдгээрээ хүмүүст ад үзэгдэж байна. Сэтгэл санаа хэцүү үед хүн ямар ч үйлдэл гаргаж болдог гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. Тэрхэн зуурын л үйлдлээс нь хүнийг буруугаар бүү дүгнээсэй.
-Одоо таны болон нөхрийн тань биеийн байдал хэр байна вэ?
-Шөнө хоёулаа унтаж чадахгүй, хоёр талд нойргүй хоносон. Нийгмийн сүлжээ гэж ямар аймшигтай зүйл байдгийг мэдэрч байна.
ВИДЕО: