Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дэвсгэрт самар түүхээр дөрвөн иргэн явсны нэг нь замдаа нас барж, шарилыг нь буулгаж чадахгүй тав хонож байгаа талаар зарим хэвлэл мэдээлжээ.
Тодруулбал, самар түүхээр явсан дөрвөн иргэний хоёр нь төв орж хэл дуулган, тусламж гуйхаар түрүүлж уулнаас бууж ирсэн ба Хэнтий аймгийн цагдаагийн газраас фургон машинтай гурван алба хаагч болон ЗИЛ-131, УАЗ-469, Ланд-80 автомашинууд гаргаж талийгаачийн шарилыг авахаар явсан хэдий ч тэдний байгаа газар машин очих боломжгүй, бартаа ихтэй зам тул саатаад байгаа аж.
Нөхрийнхөө шарилыг харан үлдсэн эхнэр нь ууланд одоогоор тав хоносон байгаа бөгөөд тэрхүү газар нь явганаар явахад 40 орчим км алхаж очих боломжтой маш хэцүү замтай гэжээ. Иймд холбогдох албаныхан туслалцаа үзүүлэхийг хүсэж байгаа аж.