ХЯТАДЫН ТӨРИЙН ХЭВЛЭЛД: Монголоос авах нүүрсний импорт огцом нэмэгдэх хандлагатай байна

ХЯТАДЫН ТӨРИЙН ХЭВЛЭЛД: Монголоос авах нүүрсний импорт огцом нэмэгдэх хандлагатай байна

Хятадын төрийн хэвлэл болох “Global Times” сонины сайтад “Өвөрмонголд коронавирус гарсан нь боомтуудад нөлөөлж буй ч Монголоос авах нүүрсний импорт цашид огцом өсөх хандлагатай байна” хэмээх нийтлэл гарчээ. Уг нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах оронд коронавирусийн халдвар гарч буйгаас зарим томоохон боомтуудын үйл ажиллагаа тасалдаж, нүүрсний үнийн өсөлт, цаашлаад хомстол үүсэж болзошгүй хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

Гэсэн хэдий ч зарим боомт нээлттэй хэвээр байгаа бөгөөд Хятад, Монгол хоёр орон нүүрсний худалдаагаа эрчимжүүлсэн тул уг нөлөөлөл түр зуурынх байх магадлалтай.

Монголоос нүүрс импортлох томоохон боомт болох Сэхэг орон нутгийн удирдлагууд хэлэлцэж лхагва гараг/2021.10.20/-т хаасан. Монгол Улстай хил залгаа ӨМӨЗО-ны орон нутгийн эрүүл мэндийн хорооны мэдээлснээр мягмар гарагт тус бүсэд коронавирусийн таван тохиолдол, Эрээнхот боомт хотод гурван тохиолдол бүртгэгджээ. Мөн нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр лхагва гарагт Сэхэ боомтын хүн амын бүх хөдөлгөөн, ачаа тээвэр зогссон байна. Сэхэ нь Монголоос нүүрс импортлох гол боомт бөгөөд өнгөрсөн онд 10,68 сая тонн нүүрс импортолсон байна.

Орон нутгийн удирдлагууд өөр нэгэн томоохон боомт болох Ганцмодоор тээвэрлэлт хийхийг зөвшөөрсөн. 2022 оны хоёрдугаар сар гэхэд Монгол улсын хэмжээнд нэг бүсэд хуримтлагдсан 8,37 сая тонн нүүрсний нөөцийг “цэвэрлэхийн” тулд цаашид өдөрт 600 орчим тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэх төлөвтэй байна.

Богино хугацаанд тасалдал үүссэн хэдий ч хоёр орны нягт хамтын ажиллагаа, тээвэрлэлтийн чиглэлээр хийж буй ажлуудын үр дүнд Монголоос авах нүүрсний импорт эрс нэмэгдэх төлөвтэй байна гэж албаны хүмүүс мэдэгдэж байна.

Монгол Улсаас БНХАУ-д экспортолж буй нүүрсний жилийн хэмжээг одоогийн 32 сая тонноос 50 хувь нэмэгдүүлэхээр хоёр тал тохиролцож байгаа талаар Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал “Global Times” сонинд мэдээлэв.

Хятад улс Индонез, Австрали, Орос зэрэг хэд хэдэн томоохон ханган нийлүүлэгчдээс нүүрс импортолдог ч Монгол Улс энэ онд хамгийн том коксжих нүүрсний нийлүүлэгч нь болж чадсан юм.

Эх сурвалж: Globaltimes

 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө