Б.Энхбаяр:Хөгжлийн банк дампуурвал Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй холбоотой шүү

Б.Энхбаяр:Хөгжлийн банк дампуурвал Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй холбоотой шүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Миний хувьд 2016 онд ХЗДХ-ийн дэд сайдаар томилогдсон. Сайд болсныхоо маргааш нь Хөгжлийн банкийг шалгах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан.

Уг ажлын хэсэгт Монголбанкнаас том маш баг ажилласан. Шалгалтаар 1.2 их наяд төгрөгийн зөрчил, дутагдал илэрсэн. Шалгалтын дүгнэлтээр зөрчил гарахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь хууль нь өөрөө байна гэдэг дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны удирдлага санхүүжилт, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улс төрийн нөлөөлөл маш их хараат байна. Энэ нь зөрчил дутагдал гарахад нөлөөлж байна гэж үзсэн. Хөгжлийн банкны хуулийг шинчлэн найруулаад тус банкны удирдлагууд нь улс төрөөс хараат байгаатай холбоотой гэж үзсэн. Ингээд хуулийг нь өөрчилж, удирдлагыг нь улс төрөөс хараат бус байх хууль баталсан. Улмаар Засгийн газар хоёр жил тутам, Монголбанк жил бүр хяналт шалгалт хийхээр хуульчилсан. Тэр үед Монголбанк энэ хуулийг батлагдчихвал Хөгжлийн банк цааш явчихна гэж байлаа.

Гэтэл өнөөдөр Сангийн сайдын мэдээллээр Хөгжлийн банк дампуурсан гэсэн.

Нэг их наядын хугацаа хэтэрсэн өртэй болсон гэж байна. Монголбанк энэ асуудалд ямар байр дүгнэлт хийж байгаа вэ. Цаашид Хөгжлийн банкыг энэ чигээрээ байх юм уу, дампуурах юм уу.

Хоёрдугаарт, Б.Лхагвасүрэн ерөнхийлөгчөөс асуух зүйл байна. Хөгжлийн банкны нэг газрын захирал нь таны хүү гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү. Хэрвээ үнэн бол ёстой болохгүй асуудал шүү дээ. 

Хөгжлийн банкинд шалтгалт хийж, тайлагнадаг газар чинь Монголбанк. Ашиг сонирхлын зөрчил үүснэ. Хөгжлийн банк дампуурсан шалтгааныг тантай холбож авч үзнэ шүү.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Хөгжлийн банк өөрөө хуультай агентлаг ч юм шиг, банк ч юм шиг байгууллага. Одоо УИХ дээр Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг өргөн барьсан. Уг нь Хөгжлийн банк бас Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиар явах учиртай. Хөгжлийн банкны хуульд өөрчлөлт оруулах хүртэл ямар ч хяналт шалгалт хийх, зохицуулалтын боломж байгаагүй. Сүүлд оруулсан өөрчлөлтөөр Монголбанк хяналт шалгалт хийх боломжтой болсон. Гэхдээ арилжааны банкуудад тавьж байгаа хяналт шалгалтыг Хөгжлийн банк дээр хийхээр нийцдэггүй. Гэвч Монголбанк олон улсын стандартын дагуу хяналт тавьж ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны нийт активын 50 гаруй хувь чанаргүй болсон. Чанаргүй болсон зээлүүд нь 2015 оноос өмнө олгосон урт хугацааны том зээлүүд. Хөгжлийн банкны ихэнх олгож байгаа зээл нь Засгийн газрын зөвшөөрлөөр олгосон. Монголбанкны зүгээс зээлийн чанарыг сайжруулах зөвлөмжийг Хөгжлийн банкинд өгч байгаа.

Манай хүү Л.Тэмүүжин Хөгжлийн банкыг анх байгуулагдсан цагаас мэргэжилтнээс ажиллаж яваад сая шинээр томилогдсон удирдлагын багт нэг газрыг нь толгойлохоор томилогдсон юм билээ.

Монголбанк бол Хөгжлийн банкны дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй. Хяналт, шалгалт явуулж байгаа банкны гаргаж байгаа шийдвэрт нь нөлөөлдөггүй. Харьцааны үзүүлэлт буюу сэрэмжлүүлэг өгөх чиглэлээр ажилладаг.