Монгол дахь “Ротаракт” клубийн залуус нэгдэн өнгөрөгч бямба гараг/2021.10.16/-т Богдхан уулын Арцатын аманд “Planting is new sexy” хөдөлгөөнийг өрнүүлж, нийт 300 гаруй мод тарьжээ. Үүгээр ч зогсохгүй залуус тарьсан моддынхоо цаашдын арчилгааг хариуцан ажиллах аж.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол улсын нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь цөлжилтөд өртөөд буй. Тэгвэл “Ротаракт” клубийн залуус эх дэлхийгээ хамгаалж, цөлжилтийг бууруулахад өөрсдийн зүгээс багахан ч гэсэн хувь нэмрийг оруулахаар мод тарих хөдөлгөөнийг олон нийтэд уриалан хэрэгжүүлсэн байна.
Түүнчлэн уг хөдөлгөөнд “Монголын Ротари”, “Интеракт залуус” нэгдэн оролцож, цааш цаашдын мод тарих хөдөлгөөнийг дэмжин олон нийтийг уриалан оролцохоо мэдэгджээ.
“Ротаракт” клубийн залуус “Planting is new sexy” хөдөлгөөнийг дэмжин оролцсон, хандив өргөсөн Монголын 9, 10-р бүсийн захирагч нар, “Ротари” клубүүд,”Интракт” клубийн гишүүд болон “Зулзгана дөл” ХХК, “Super up хэтэвч” ХХК-ийн хамт олонд чин сэтгэлийн талархлаа илэрхийлсэн юм. Олны хүч оломгүй далай гэсэн зүйр үг шиг жил бүрийн мод тарих өдрүүдэд уг хөдөлгөөнийг тасралтгүй хэрэгжүүлж байх тул ирээдүй хойч үедээ цэвэр агаар, эрүүл амьдралыг бэлэглэх хүсэлтэй хүн болгон нээлттэй оролцох боломжтой хэмээн уриаллаа.