Тайландын хөлбөмбөгчид улсынхаа тугийг мандуулалгүй өрсөлдөж буй нь допингийн асуудалтай холбоотой

Тайландын хөлбөмбөгчид улсынхаа тугийг мандуулалгүй өрсөлдөж буй нь допингийн асуудалтай холбоотой

Энэ сарын 25-31-ний өдрийн хооронд Монголын Хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд “Азийн 23 хүртэлх насны цом” тэмцээний J хэсгийн тоглолт болж буй. Уг хэсгийн тоглолтод манай Монголын баг Тайланд, Лаос, Малайз улсын тамирчидтай өрсөлдөх болно.

Өчигдөр/2021.10.25/ манай баг талбайдаа Тайландын багийг хүлээн авч, тоглосон. Энэ үеэр тэмцээний талбайд Тайландын төрийн далбаа байгаагүй нь зарим хүний анхаарлыг татсан юм.

Энэ нь Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг/WADA/ Тайланд, Хойд Солонгос, Индонез улсуудыг “шаардлага хангаагүй” хэмээн мэдэгдсэнтэй холбоотой. Тодруулбал, WADA-аас гаргасан мэдэгдэлд Тайландын Үндэсний сэргээшийн эсрэг байгууллага/NADO/ 2021 оны Допингийн эсрэг хуулийг бүрэн хэрэгжүүлээгүй, тамирчид нь дагаж мөрдөөгүй гэж үзжээ.  

Уг шийдвэрийн улмаас нэр дурдсан гурван улс бүс нутаг, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхгүй болно. Үүгээр ч зогсохгүй бүс нутаг, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимп, паралимп зэрэг томоохон тэмцээнүүдэд улсынхаа тугийг мандуулах хориотой аж. Ийм учраас Тайландын баг манай талбайд далбаагаа мандуулалгүй өрсөлджээ.   

Эх сурвалж: Nationthailand