Монгол уран бичлэгээр бүтээсэн НҮБ-ын дүрмийг хүлээлгэн өглөө

Монгол уран бичлэгээр бүтээсэн НҮБ-ын дүрмийг хүлээлгэн өглөө

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын 101 дэх гишүүнээр элссэн түүхтэй.  Уг түүхэн ойг угтан Монгол хүүхдүүд НҮБ-ын дүрмийг үндэсний бичгээр бичиж, НҮБ-ын Суурин Зохицуулагчийн газарт гардуулан өглөө. 

Аймаг, нийслэлийн ЕБС-ийн 37 сурагч хамтран НҮБ-ын дүрмийг монгол уран бичгээр бичсэн ба НҮБ-ын дүрмийг Монгол бичгээр бүтээх төслийг Монгол  дуу дүрс ТББ-ын тэргүүн н.Баясгалан санаачлан зохион байгуулжээ.

Уран бичлэгээр үйлдсэн номыг хүлээн авах үеэр Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра “Монголын хүүхэд залуучуудад сайн сайхныг хүсье. Энэхүү гайхамшигтай ажлыг санаачилсан, оролцсон хүмүүст маш их баярлалаа. Миний бие та бүхний бүтээсэн энэ гайхалтай бүтээлийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришт өөрийн биеэр гардуулан өгнө” хэмээн хэлэв.

Г. Мөнхбаяр