С.Одонтуяа: Э.Одбаярын амь нас хохирвол бид хатуу хариуцлага тооцно, Д.Загджав дарга аа

С.Одонтуяа: Э.Одбаярын амь нас хохирвол бид хатуу хариуцлага тооцно, Д.Загджав дарга аа

УИХ-ын чуулганаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдох явцдаа өлсгөлөн зарлаад буй иргэн Э.Одбаярын нөхцөл байдлын талаар тодруулсан юм. 

Тэрбээр "Нэгдүгээрт, танай байгууллага дээр хүний эрхийг хамгаалсан бүтэц байна уу. 2020 он гарсаар хүний эрхийг хичнээн зөрчил гарсан бэ. Хоёрдугаарт, 461 дүгээр ангид хоригдож байгаа иргэн Э.Одбаярын асуудал хүнд байна. Энэ залуугийн амь нас хохирвол бид хатуу хариуцлага тооцно. Олон улсад Монгол улсын нэр хүнд унана. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө эрхээ хасуулах ёсгүй. Үүнд анхаараач ээ. Аль намыг дэмждэг, юу хэлсэн байх нь хамаагүй. Хүний эрхийг л зөрчиж болохгүй гэж бид яриад байгаа. Гуравдугаарт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт маш олон асуудал гардаг. Маш олон асуудал олон он жилээр дарагдаад байгаа" гэлээ.

Харин түүний асуултад ШШГЕГ-ын дарга Д.Загджав хариулахдаа "Бид хүний эрхийг зөрчихгүй байх талаас бүхий л боломжийг эрэлхийлж, камерын хяналтад байлгаж, жижүүрлэж ажилладаг. Нийгмийн асуудал хариуцсан ажилтан, сэтгэл зүйч ажилладаг. Иргэн Э.Одбаяр 17 дахь өдрөө нойтон өлсгөлөн зарлаж байна. Биеийн байдал нь хэвийн, даралт 100/70-тай байгаа. Жингийн алдагдал 10 гаруй кг болсон. Өөртэй нь уулзаж, гэр бүлийнхэнтэй нь харилцаж байгаа. Өлсгөлөнгөө зогсоохгүй гэсэн. Түүнийг эмнэлгийн хяналтад байлгаж байна" гэв.