Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон Чингис хаан банк улсын мөнгийг өгөхгүй ГУРВАН жил "луу унжжээ"

Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон Чингис хаан банк улсын мөнгийг өгөхгүй ГУРВАН жил "луу унжжээ"

Монгол Улсын Засгийн газар сүүлийн гурван жилд Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон Чингис хаан банкнаас нэлээд олон тэрбум төгрөгөө авч чадахгүй байгаа аж.

Энэ талаар Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар мэдээлж, холбогдох албаны хүмүүсээс хариулт авав. Тэрбээр "Чингис хаан банканд байгаа, Нийгмийн даатгалын сангийн үлдэгдэл 100 тэрбум төгрөг авч чадахгүй байгаа. 100 гаруй тэрбум төгрөг авах ёстой тэд өгч байна уу. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөг бас тэнд байгаа. 

Харин Үндэсний хөрөнгө оруулалтын банканд "Эрдэнэт үйлдвэр"-ийн 44 тэрбум төгрөг, "Эрдэнэс Тавантолгой"-н 27 тэрбум төгрөг бий. Авч чадахгүй л байгаа. Энэ мөнгөнүүдийг авах талаар та бүгд ямар санаачилга гаргаж байгаа вэ.  Эрүүл мэндийн даатгалын сан мөнгөгүй болох гээд байна гээд байгаа. Үндэсний хөрөнгө оруулалтын банкан дээр Эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөг байгаа" гэдгийг тодруулсан байна.  

Уг асуултад УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Эрдэнэс Тавантолгой компанийн хувьд 27 биш, 53 тэрбум төгрөгийн үлдэгдэл Үндэсний хөрөнгө оруулалтын банканд байгаа. Сүүлд авсан мэдээллээр хуваарь гаргаад, хуваарийнхаа дагуу төлбөрөө хийгээд явж байгаа. 

"Эрдэнэт үйлдвэр"-ийн хувьд 45 тэрбум төгрөг байгаа гэж байсан. Одоо "Эрдэнэт үйлдвэр" Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг шүүхэд өгнө гэсэн байр суурьтай болсон гэдгийг тодотгосон.

Харин Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат "Нийгмийн даатгал, ЭМД-ын сангийн тухайд "Чингис хаан банканд Нийгмийн даатгал, ЭМД-ын сантай холбоотой 130.7 тэрбум төгрөг байгаа. 2.174 тэрбум төгрөгийн барилга байшин өгсөн" гэсэн хариултыг  өгөв.  

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банканд сүүлийн 3 жилд Засгийн газар мөнгө байршуулаагүй. Гурван жилийн хугацаанд мөнгөнүүдээ авч чадахгүй байгаа юм. Авах ажиллагаа хангалтгүй явж байгаа юм байна. Үүн дээрээ анхаарал тавьж ажиллана аа" гэдгийг анхааруулав.

Ташрамд өгүүлэхэд, улсын мөнгийг өнөөг хүртэл өгөхгүй луу унжиж байгаа Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Хотын дарга Д.Сумъяабазар, Чингис хаан банкинд Сангийн сайд Б.Жавхлан хувьцаа эзэмшидэг гэх мэдээлэл байдаг юм. 




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө