ХУУЛЬ БУС ТОМИЛГОО-1: Булганы засаг Б.Ариун-Эрдэнэ Тамгын даргаа, тамгын дарга нь Нийгмийн бодлогын даргаа хууль бусаар томилжээ

ХУУЛЬ БУС ТОМИЛГОО-1: Булганы засаг Б.Ариун-Эрдэнэ Тамгын даргаа, тамгын дарга нь Нийгмийн бодлогын даргаа хууль бусаар томилжээ

Төрийн албаны хууль бус томилгооны талаарх мэдээлэл үе, үе гардаг ч асуудал тэгэсхийгээд намждаг жишиг тогтоод буй.

Тэгвэл Төрийн албаны зөвлөлөөс төрийн жинхэнэ албан хаагчдын томилгоотой холбоотой гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалт хийж, хууль бус 519 томилгоог илрүүлсэн талаар мэдээлсэн. Тэгвэл дээрх хууль бус томилгоо хаана, хэрхэн явагдсаныг бид эрэн сурвалжлав. Булган аймагт 59 хүнийг хууль бусаар буюу Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж томилжээ.

Эдгээрээс анхаарал татаж буй томилгоо нь Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ аймгийн Тамгын газрын даргыг хууль бусаар томилсон явдал. Харин тэрхүү хууль бусаар томилогдсон эрхэм нь аймгийн Нийгмийн бодлогын газрын даргыг мөн л дээрх зарчмаар хууль бусаар томилсон байх аж.

Тодруулбал, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын долооны өдөр Төрийн албан тухай хууль зөрчиж, төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй Д.Алтаншагайг Тамгын газрын даргын албан тушаалд томилон ажиллуулжээ. Харин хууль бусаар ийнхүү томилогдсон Д.Алтаншагай нь ажлаа авсан даруйдаа буюу 2021 оны нэгдүгээр сарын 19-ны өдөр Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар Д.Оюунбилэгийг мөн л хууль бусаар томилсон байна.

Тодотговол, Д.Оюунбилэг нь Төрийн албаны ерөнхий шалгалт өгөөгүй, нөөцөд бүртгэгдээгүй, тэтгэвэрт гарсан нэгэн байжээ.

Гэтэл Д.Алтаншагай нь хөдөлмөрийн гэрээ байгуулж, дээрх албан тушаалд ажиллуулж байсан талаар эх сурвалж мэдээлэв. Д.Оюунбилэг нь Булган аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэгэн аж.

Угтаа “Тухайн засаг захиргааны нэгж нь сул орон тоо гарсан талаарх мэдээллийг долоо хоногийн дотор Төрийн албаны зөвлөл болон нийтэд мэдээлэх учиртай. Улмаар 21 хоногийн дотор шалгалт явуулж, уг албанд тэмцсэн хүнийг томилох” хуультай. Гэвч Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, аймгийн Тамгын газрын дарга Д.Алтаншагай нар үүнийг үл тоомсорлож, хууль бус томилгоо хийсэн нь ийнхүү ил болов.

Ер нь Б.Ариун-Эрдэнэ даргатай холбоотой хууль бус томилгооны асуудал үе, үе гардаг. Үүнээс өмнө аймгийн Нөөцийн газрын даргаар шүүхээр ял шийтгүүлж байсан нэгнийг томилох гэж байсан талаарх мэдээлэл хүртэл цацагдаж байсан билээ. Тэгвэл өдгөө ч аймгийн хоёрдугаар цэцэрлэгийн эрхлэгчээр төрийн байгууллагад НЭГ ч жил ажиллаж байгаагаагүй хүнийг томилсон гэх мэдээлэл гараад буй. Харин тэрбээр өнгөрсөн аравдугаар сарын 28-ны өдөр эл албанд буюу төрийн үйлчилгээний төсвийн шууд захирагч нарын сонгон шалгаруулалт зарласан байна.  Энэ нь дээрх алдаагаа засах гэсэн орлого байх хэмээн иргэд хэлж байгаа юм.

Үргэлжлэл бий.




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө