Э.Одбаяр: Эрх баригчид үнэнээс айхдаа биднийг яллах гэж улайрч байна

Э.Одбаяр: Эрх баригчид үнэнээс айхдаа биднийг яллах гэж улайрч байна

"No double standart" иргэдийн хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяртай ярилцлаа. Тэрээр ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид 20 гаруй хоног өлсгөлөн зарласан тул одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. 

-ТОРНЫ ЦААНААС ҮЗЭЛ БОДОЛ ИЛЭРХИЙЛЭХ ГАНЦХАН БОЛОМЖ НЬ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХ БАЙСАН-

-Хорих ангид өлсгөлөн зарлаад нэлээд олон кг жин хассан гэсэн. Биеийн байдал нь хэр байна. Ямар эмчилгээ хийлгэж байгаа вэ?

-Анх хорихоос гарсан өдрөө бодвол арай дээрдэж байна. 12 кг орчим турсан. Одоо нөхөн сэргээх эмчилгээ хийгдэж байгаа. Өлсгөлөн зарлахаар хүн өөрийгөө дотроос нь шимж эхэлдэг юм байна гэдгийг ойлгоод байж байна.

-Өлсгөлөн зарлах болсон гол шалтгаан нь юу байсан юм бэ. Өөр сонголт байгаагүй юу?

-Би өлсгөлөн зарлахдаа намайг авраач, суллаач, туслаач гээгүй. Төв талбай дээр иргэд залуучууд бид үзэл бодлоо тайван замаар илэрхийлээд явж байгаа энэ үйл ажиллагаа ийм үр дүнд хүрэхийг төсөөлөөгүй. Үнэхээр бүгдийг нь хоморголон баривчилна гэж бодсонгүй. Тэр торны цаанаас үзэл бодол илэрхийлэх ганцхан боломж нь өлсгөлөн зарлах байсан. “No dable standart” үндэсний хөдөлгөөн торны цаана ч үзэл бодлоо илэрхийлж байна гэдгийг бусдад ойлгуулахыг хүссэн.  

-Д.Монголхүү ч мөн хорих ангид өлсгөлөн зарлаж байгаа. Энэ нь мөн үзэл бодлоо илэрхийлж байгаа хэлбэр байх?

-Тэгэлгүй яах вэ. Өнөөдөр Д.Монголхүүгийн асуудал үнэхээр санаа зовоож байна. Д.Монголхүү өөрт тохиолдож байгаа асуудлаа нарийн тодорхой ярихгүй байгаа болохоос биш түүний биед маш олон удаа зэрлэг балмадаар халдсан. Д.Монголхүүг олон удаа өчиж, эмзэг эрхтэнг нь хүртэл хүчтэй цохиж гэмтээсэн байдаг. Гэтэл тэрбээр энэ талаараа яриагүй нь өнөөдөр түүнийг эргээд өөрийнх нь эсрэг ашиглагдах үндэс суурь болж байна. Д.Монголхүүгийн хэргийг тусгаарлан шалгаж, хаалганы гадна шийдэх хүсэл байх шиг байна гэж харж байгаа.   

-ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТАЛААР ЦААШИД МАШ ХҮЧТЭЙ ДУУ ХООЛОЙГОО ИЛЭРХИЙЛНЭ-

-Нэгэнт Д.Монголхүүгийн талаар яриа эхэлснийх түүнийг үндэслэлгүй цагдан хорьсон гэдэг. Энэ талаар яриач?

-Д.Монголхүүгийн эрхэнд халдаж, үндэслэлгүйгээр цагдан хорьж байгаагийн цаана прокурорын байгууллагаас байгаа. Тэндээс энэ бүхнийг зохион байгуулсан гэж үзэж байна.

 -Таныг яллахад ч прокурор нөлөөлсөн гэж үздэг үү?

-Тийм. Намайг яллахад ч прокурор нөлөөлж, шүүх худал дээр худал мэдээлэл өгсөн. Би Э.Бадрал, н.Хэрлэн гэх прокуроруудыг миний хэрэгт хувийн үзэмжээр хандсан гэж үздэг. Учир нь тэд над дээр удаа дараа үндэслэлгүйгээр яллах дүгнэлт үйлдэж байсан. Тэр хүмүүс өөрөө ч гэсэн Монгол Улсын иргэн. Гэр бүл, хань ижилтэй хүн байх. Хэзээ нэгэн цагт тэдний хэн нэгэн ойр дотнын хүн прокурорын "махны машин"-аар орох өдөр ирвэл яах вэ гэдгийг бодоосой.

-Та прокурорын байгууллагад нэлээд асуудал байна гэж харжээ?

- Прокурорууд чинь эрх баригчдын, тодорхой нөлөө бүхий улстөрчдийн гар хөл болсон байдаг юм байна. Сая эрх чөлөөгөө хасуулах хүртлээ прокурорт итгэх итгэлийн төвшин өөр байсан. Тэднийг хяналтаа тавьж байдаг гэж ойлгож байсан. Гэтэл бидний гол эрх чөлөөг хязгаарлаж байгаа, зохиомол хэрэгт хяналт тавихгүй байгаа хүмүүс чинь прокурорууд юм байна. Ер нь прокурорын байгууллагын талаар манай хөдөлгөөн цаашид маш хүчтэй дуу хоолойгоо илэрхийлнэ. Тэнд маш их асуудал байна гэж харж байгаа. Хамгийн сүүлд гэхэд прокурор хүнийг яллахын тулд яллах дүгнэлтээ өгөхөөр “Улаан бүс”-д орсон байгаа юм. Энэ нь үнэхээр энэ чигт харах ёстой гэдгийг харуулж байна.

-Д.Монголхүү та хоёрыг хоригдож байх үед зарим иргэд та бүхнийг суллахыг шаардаж, суулт хүртэл зарлаж байсан. “No dable standart” хөдөлгөөнийг дэмждэг хүмүүс нэлээд бололтой?

-Хорихоос гараад өнгөрсөн нэг сарын хугацаанд ямар үйл явдал болсон талаарх мэдээлэл, үйл явдлыг эргэж харлаа. Үнэхээр хүний эрхийн асуудалд санаа зовниж байгаа хүмүүс олон байна. Хүний эрхийн асуудал гэдэг бол хэн нэгнийгээ танидаг, мэддэг, зохион байгуулалттай байгуулалтгүйгээр өөрөө гинжин урвалд ороод хөврөөд явдаг юм байна гэдгийг харлаа.

-Сая таныг ямар үндэслэлээр цагдан хорих шийдвэр гаргасан юм бэ?

-Дорнод аймагт нэгэн иргэнийг ноцтойгоор элдэж хөөж байгаад санаатайгаар тайрч амь насанд нь аюул учруулж буй бичлэг нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр устай нь ил болсон.  Үүнийг нь би цахим хуудаснаа ийм зүйл болжээ гэдгийг нийтэлсэн. Гэтэл үүнд МАН, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зэрэг хүмүүс надад гомдол гаргаж, хохирогчоор тогтоогдсон байдаг. Ингээд тэр хүмүүсийн гомдлын дагуу над дээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, Эрүүгийн цагдаагийн байгууллагаас шалгаж, дарамталсан. Энэ бол гэрчтэй. Ингээд явж байтал Э.Бадрал гэх гарын үсэгтэй яллагдагчаар татах тогтоолыг надад танилцуулсан. Энэ бүхэн нь зохиомол хэрэг. Надад гомдолтой байгаа хүмүүс болон эрх баригчдын зүгээс  "Э.Одбаяраа дуугүй байхгүй бол шорон уруу явуулна шүү" гэсэн утгыг хэд хэдэн хүнээр дамжуулж хэлж, сануулж байсан. Тэр ч байтугай ойр дотнын хүнээр дамжуулж хүртэл тэрхүү мессежийг өгсөн.  Би тэр сүрдүүлгэнд авталгүйгээр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсээр байсан. Ингээд яллагдагчаар татагдсан байхдаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэдгээр эрх чөлөөг минь хязгаарласан.

-Та тэгээд энэ бүхнийг шалгуулахаар гомдол гаргаагүй юм уу?

-Гаргасан. Би цагдаагийн байгууллагын дотоод хяналт болон мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үндсэн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гомдол гаргасан. МАН-ын гомдлын дагуу над дээр хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Ер нь яахаараа МАН-ын гомдол байхаараа хойшлуулшгүй ажиллагаа явуулдаг, иргэдийг эрх чөлөөнд халддаг, ялладаг гомдол байдаг юм бэ. Яагаад МАН-ын гомдол давуу эрхтэй дабл стандарт үйлчлээд байдаг юм.

-ЦЕГ-ЫН ДАРГА Ж.БОЛД БИДНИЙГ ХҮНД НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МЭТЭЭР ГҮТГЭЖ, ЭХ ОРОН ДАЯАР НЭР ТӨР, АЛДАР ХҮНДЭД ХАЛДСАН-

-Д.Монголхүүг хорих ангиас оргуулсан гэх мэдээлэлд тайлбар өгөөч?

-Монголхүүг гэрлүүгээ орох гээд явж байхад нь прокурорын зөвшөөрөлгүйгээр бариад явсан. Тухайн өдөр фэйсбүүк ажиллахгүй, нам гүм болсон өдөр байсан. Тиймээс клабхаус дээр иргэд санаа бодлоо хуваалцаж байх үед Д.Монголхүүг саатуулсан талаарх мэдээлэл цацагдсан. Ингээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр яваад очтол зоорийн давхараараа түүнийг аваад зугтсан. Хуулийн байгуулага нь хууль зүйн үндэслэлээ тайлбарлаад хэлэхийн оронд муур, хулгана болгоод аваад зугтсан. Тиймээс бид Хорих 461 дүгээр анги дээр очиход тухайн байгууллагын алба хаагчид прокурорын зөвшөөрөлгүй цагдан хорих боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Үүний дагуу бид Д.Монголхүүг аваад гарсан. Харин энгийн хувцастай хэн гэдэг нь мэдэгдэхгүй хүмүүс биднийг явуулахгүй хэмээн хорьж байсан. Ийм л зүйл болсон юм.

-Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд энэхүү үйл явдлыг арай өөрөөр тайлбарласан байдаг шүү дээ?

-Би түүний мэдэгдлийг үзээд үнэхээр цочирдсон. Цагдаагийн газрын дарга нь нийтийн өмнө гарч ирээд бидний нэрийг цохож байгаад хүнд ноцтой гэмт хэрэгт холбогдсон мэтээр гүтгэж, эх орон даяар нэр төр, алдар хүндэд халдсан байсан. ЦЕГ-ын дарга нь тийм хариуцлагагүй мэдэгдэл хийж болохгүй шүү дээ. Гэхдээ төрийн байгууллага үнэхээр тэр чигтээ ийм болоогүй юм байна гэдгийг ШШГЕГ-ын удирдлагууд мэдэгдлээс харсан. Тэд Ж.Болд даргын хэлээд байгаа шиг зүйл болоогүй гэдгийг хангалттай хэлсэн байна лээ.

Харин үүний дараа биднийг харлуулах үндсэн гурван үйл ажиллагааг явуулсан байсан. Нэгдүгээрт, Цагдаагийн эрх ашгийг хамгаалах холбооноос мэдээлэл хийж, Д.Монголхүү, Э.Одбаяр нарын танхай этгээдүүд гэж бидэн рүү дайрсан байсан. Бид гомдол гаргана. Хоёрдугаарт, Төв талбай дээр зохион байгуулалттай жагсаал зохион байгуулсан. Гуравдугаарт, биднийг эрэмдэг зэрэмдэг болгоно хэмээн хэвлэлийн бага хурал хийж байсан Хонхэрээдийн Б.Энхбат гарч ирээд мэдээлэл хийсэн байсан. Энэ хүн Х.Нямбаатарын хэвлэлийн төлөөлөгч болсон юм уу гэмээр түүний сэтгэл зүрх нь эмзэглэхээр л гарч ирж, бидэн рүү үг хэлээр дайрдаг чиг үүрэгтэй болсон.

-ЕРӨНХИЙ САЙД НЬ ХУУЛЬ ЗҮЙН САЙДТАЙГАА НИЙЛЖ БИДНИЙГ ЭСРЭГ КОМПАНИТ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА-

-Тэгэхээр та бүхнийг зориудаар зохион байгуулалттай харлуулж байна гэж ойлгож болох уу?

-Яг тийм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх МУ-ын Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэж хүн Херо энтертаймент стиллийн нэвтрүүлэг хийсэн байсан. Тэр бичлэгт жагсагч Г.Баасан, судлаач н.Ганаа зэрэг нэр бүхий хүмүүс Д.Монголхүү, Э.Одбаярын нарын зохион байгуулсан жагсаал цуглаан нь жагсаал цуглаан биш хүн үг, үзэл бодлоо ингэж илэрхийлдэггүй юм гэсэн хар пирарын шинжтэй 20 минутын бичлэгийг олон нийтэд цацсан байсан. Ингэж л биднийг эсрэг компанит ажлыг эрх баригчид нь Ерөнхий сайд нь Хууль зүйн сайдтайгаа зохион байгуулж байгаа нь харамсалтай. Бид хэн нэгэн улстөрч гэх хувь хүнийг нь бус ард иргэддээ амласан амлалтаа биелүүлж, эрх тэгш байхыг л эрх баригчдаас шаардаж байгаа. Гэтэл тэд хувийн бодлоор хүлээж аваад хувийн өс хонзонгийн шинжтэй, зуумтгай асуудал хандаж байгаа нь харамсалтай юм.  

-Яагаад эдгээр хүмүүс таныг ингэж харлуулах болов. Магадгүй аав тань улстөрч хүн болохоор үүнд нөлөөлөөд байгаа юм биш байгаа?

-Ийм нөлөөлөл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнийг ганц Э.Одбаяр гэдэг хүнтэй холбож ойлговол маш өрөөсгөл хэрэг болно. “No dable standart" хөдөлгөөнд маш олон залуучууд, иргэд оролцож, бидний тэмцлийг дэмждэг. Тиймээс ч эрх баригчдыг шүүмжилж, асуудал хөндсөнийх нь төлөө хуулийн байгууллага зөрчлийн хэрэг үүсгээд явж байна. Мөн хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа залууст зохиомлоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдсэн. Шүүх хурлын товоо хүлээгээд байж байна. Шүүхийн шинэчлэл яригдаж байгаа энэ үед эдгээр хэргийг хэрхэн шийдэхээс шинэчлэлийн бодит дүр төрх харагдах байх. Эрх баригчид шүүмжлэлийг хүлээн авч, алдаагаа засахын оронд энэ мэтээр бүүр эсрэг үйлдэл хийж байгаа юм. Тэд үнэхээр төлөвшөөгүй, мэргэжлийн бус байна.

Төв талбай дээр хэдхэн хүүхдийн гутал, макет тавьж үзэл бодлоо илэрхийлсний төлөө бүхэл бүтэн төрийн аппарат ажиллаж байна. Ингэхээр бүгд айгаад дуугүй болно гэж бодож байвал үгүй. Энэ нь өөрөө цаашаагаа гинжин урвалд ороод явна. Улам л хүмүүс дуугарч эхэлнэ. Биднийг хоригдож байхад ч иргэд боломжтой бүх л боломжоороо хүний эрхийн төлөө дуугарсан байна. Хүний эрхийг нугачин дарах боломжгүй, үнэхээр дарахаар бол маш их эсэргүүцэл, үнэ төлөөсийг төлнө. Энэ бол Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал.

-ААВ МИНЬ ЭРҮҮЛ МЭНДЭЭ БОДОХ НЬ ЧУХАЛ ГЭДГИЙГ Л ХЭЛДГЭЭС БУС МИНИЙ ҮЗЭЛ БОДОЛД ХЭМ ХЭМЖЭЭ ТОГТООЖ, ЗААЖ ЧИГЛҮҮЛЖ, САНАА БОДЛОО ТУЛГАЖ БАЙГААГҮЙ-

-Таны хувьд энэ хүртлээ тэмцэж буйгийн шалтгаан нь ер нь юу юм бэ?

-Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Гэтэл өнөөдөр дарга нарт нэг, иргэдэд бас нэг янзаар үйлчлээд байна. Хуулийг л тэгш үйлчилдэг болгохыг хүсэж, хүний эрхийг дээдлэхийг шаардаж байгаа. Би бол тэмцэгч биш. Би зүгээр л Монгол Улсын иргэн. Намын харьялалын хувьд ЗОН-ынх. Иргэний ниймгийн санаачлага гаргаж байдаг залуусын нэг. Надад үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, өөрийнхөө эрхийг хамгаалах, хүсэл эрмэлзлэл, тэмүүлэл байна. Үүнд хэн нэгэн цезур тавих эрхгүй. Би хэзээ ч хэнийг ч төлөөлж ярьж байгаагүй. Ард түмний нэрийг барьж тэмцдэг хүмүүс байдаг. Миний хувьд хэн нэгний төлөө юм уу, ард түмний төлөө тэмцээгүй. Зөвхөн хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа юм. Одоогийнх шиг ийм ялзарсан нийгмийг үр хүүхэддээ үлдээхийг хүсээгүй. Хүүхдүүдээ том болох үед нь энэ шударга нийгмийн төлөө аав нь тэмцэж байсан юм шүү гэдэг хэлэх үгтэй л үлдэхийг хүссэн хүсэл эрмэлзлэлийнхээ төлөө тэмцэж байна. Түүнээс үндэсний баатар болж, улс төрийн дэмжлэг авч, сонгуулийн бэлтгэл ажил хийгээд байгаа зүйл огт байхгүй.  

-Та шударга нийгмийг хүүхдүүддээ үлдээхийн тулд тэмцэж байгаа гэлээ. Нууц биш бол та хэдэн хүүхэдтэй вэ?

-Би хүүхдээрээ байхдаа буюу 21 настайдаа аав болсон. Миний хүүхдүүд арван жилийн сургуульд орсон. Одоо эхнээсээ болж байгаа үйл явдлыг ойлгоод харж байна. Тэд маань намайг юу гэж ойлгох нь хамгийн чухал. Хэзээ нэгэн өдөр та энэ нийгэм ийм байхад хаана, юу, хийж явсан юм бэ гэж асуухад нь ядаж ганц хариулттай, нүүр бардам сууж байхыг л хүссэн. Харин бусад нь юу гэж ярьж, ойлгох нь надад огт хамаагүй.

-Тэгвэл таны аав өөрийн тань хийж байгаа тэмцэл, үйлдлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Бид хэн, хэнийхээ үзэл бодлыг хүндэтгэдэг. Хэзээ ч энэ орон зай руу нэвтэрч байгаагүй. Өвөө маань МАН, аав АН, харин би ЗОН-ын гишүүн. Аав минь эрүүл мэндээ бодох нь чухал гэдгийг л хэлдгээс бус миний үзэл бодолд хэм хэмжээ тогтоож, зааж чиглүүлж, санаа бодлоо тулгаж байгаагүй. Миний аав хэзээ ч үзэл санаанаасаа ухрахгүй хүн. Минйи цорын ганц баталгаатай мэдэж байгаа зүйл бол аав маань Ардчилсан намын С.Эрдэнэ гэдгээрээ дуусах байх. Миний хувьд үүнтэй адил Э.Одбаяр Одбаяраараа л дуусна.  

БИД ЮУНААС Ч АЙХГҮЙ БАЙНА. ХАРИН БИДНИЙ ЯЛЛАХ ГЭЖ БАЙГАА ХҮМҮҮС ХАМГИЙН ИХ БАЙЖ БАЙГАА БАЙХ

-Танд одоо ямар хэрэг үүсгэсэн байгаа вэ?

-Дорнод аймагт автомашинаараа хүн дайрсан асуудлыг ил болгосон асуудлаарх МАН-ын гомдлоор Эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа. Мөн ЦЕГ-ын дарга Ж.Болдын мэдүүлснээр Хорих 461 дүгээр ангиас Д.Монголхүүг оргуулсан асуудлаар хэрэг үүсгэсэн. Түүнчлэн иргэн н.Чинбаттай холбогдоход биднийг бүлэглэн гэх зүйл ангиар хүндрүүлэх заалтаар хэрэг үүсгэсэн прокурорын яллах дүгнэлт ирсэн гэдгийг хэлсэн. Биднийг үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө яаж ийж байгаад л ялтан болгох гээд байх шиг байна. Үнэхээр ингэж хэлмэгдүүлж, биднийг нухчин дарж байгаа нь зөв юм уу.

-Та энэ бүхнээс айж байна уу?

-Үгүй. Хэрэв би айж байсан бол эхнээсээ тэмцэхгүй байх байсан. Хэрэг хийсэн хүн л айдаг болохоос хийгээгүй хүн айдаггүй юм. Биднийг яллах гээд зүтгэж байгаа хүмүүс өөрсдөө айж байгаа байх. Хүмүүсийн хийгээгүй хэргийн төлөө яллах гэж байгааг нь олон нийт ойлгож, мэдчихвэл яана, юу болох болоо л гэж айж байгаа байх. Бидний хийж байгаа бүхэн олны өмнө ил байгаа. Ер нь биднийг биеийг хорьж чадахаас үзэл санааг минь хэзээ ч хорьж чадахгүй.

-Та бүхний тэмцэл цааш хэрхэн үйлчлэх бол?

-Бид өдөр бүр тэмцлээ үргэлжлүүлж байгаа. Бидний тэмцлийг дэмжиж, Төв талбай дээр н.Золбаяр гэдэг залуу суулт зарлаад зургаа хонож байна. Майхан сав байхгүй. Мөн залуус маань цахим сүлжээнд ч үзэл бодлоо илэрхийлж байгаа. Цаашид бид бүр нарийн, идэвхтэй зохион байгуулалттай болж, олныг хамарна. Үүнийг ойлгосон. Прокурорын байгууллага шалгалтандаа бэлэн байгаарай. Бид прокурорын байгууллагын асуудлыг үе шаттайгаар гаргаж тавина. Сая цагдаагийн байгууллагын завхрал, реформын эрс өөрчлөлт хэрэгтэй юм байна гэдгийг бид сая ил болгосон. Цагдаагийн байгууллагын дарга нь 1963 ондоо гацчихсан, хүний эрхийн мэдрэмжгүй, цагдаагийн дарангуйллыг тогтоох хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөж яваа гэдгийг олоод харчихлаа. Их л олон зүйл ил болж байна.

-Ярилцсанд баярлалаа.