ВИДЕО: УИХ-ын гишүүн Ц.Сандагсүрэн “жагсаал багадаагүй” хэмээж Хүний эрхийн мэдрэмжгүй гэдгээ таниулав

ВИДЕО: УИХ-ын гишүүн Ц.Сандагсүрэн “жагсаал багадаагүй” хэмээж Хүний эрхийн мэдрэмжгүй гэдгээ таниулав

Хүний эрхийн дэд хорооны хуралдаан өнгөрсөн долоо хоногт болох товтой байсан ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хойшлоод байсан билээ. Тэгвэл уг хуралдаан өчигдөр болж, хуралдаанаар иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарын эрх зөрчигдсөн эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүд хүний эрхийн мэдрэмжтэй эсэхээ олон нийтэд таниулав. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир үнэхээр хүний эрхийн мэдрэмжгүй нэгэн аж. Тэрбээр "Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг улстөрийн зорилготой, тэдний өмнөөс жагсаж байдаг. Иргэдийн эрх зөрчигдсөн эсэх асуудлыг Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар хэлэлцэх нь зохистой биш. Монгол Улсад хүний эрх зөрчигдөөд байгаа зүйл байхгүй" гэх утгатай зүйлсийг хэлсэн нь олны шүүмжлэлд өртөв.

Тодруулбал, тэрбээр энэ талаар “Манай улсад хууль тогтоомж, жагсаал цуглаан багадаагүй. 2020 онд нийтдээ 237 жагсаал, энэ онд 214 жагсаал болсон байна. Үүнээс үзэхэд сүүлийн хоёр жилийн 365 хоногийн 70 орчим хувьд нь жагсаал цуглаан болжээ. Энэ тооноос харахад харин ч эсэргээрээ Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх, жагсаж, цуглах эрх үнэхээр хангалттай байна гэж ойлгож байна. Харин өнөөдөр Хүний эрхийн дэд хороо хуралдаж, төрийн байгуулага болон холбогдох байгууллагуудын албан тушаалнаас асуулт асуугаад сууж байгаа нь зохисгүй юм. Яг үнэндээ энд хуралдаад сууж байгаа улстөрчид, улс төрд нөлөө бүхий хүмүүс, улс төрийн намууд өөрөө өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Хүний эрхийг зөрчиж байгаа асуудлаа.

Энэ жагсаал, цуглаануудыг чинь хэн зохион байгуулдаг юм бэ. Үндсэндээ энэ олон жагсаал, цуглааныг чинь дийлэнх олонх нь улстөрийн намууд, улстөрийн намын хамаарал бүхий хүмүүс л зохион байгуулдаг шүү дээ яг үнэндээ. Тэгээд яг нидэр дээрээ зохион байгуулж ард нь суучихаад хэрэг дээрээ буруутан нь урд нь гарч, тугийг нь барьсан нэг, хоёр нөхдүүд бурууддаг, түүнд нь хууль ёсны шаардлага тавьсан цагдаагийн ажилтан буруутдаг ийм л байдал, дүр төрх манай монголын нийгмийн бодит байдал болоод байна. Үүнийг хэн ч мэдэж байгаа. Захын эмээ, өвөө хүртэл хэлж байна. Өнөөдөр энд сууж байгаа төрийн байгууллагууд та бидний баталсан хуулийг л хэрэгжүүлж ажиллаж байгаа.

Энэ хүмүүс хуулиа зөрчвөл хариуцлагаа хүлээх нь хуульд тодорхой байгаа. Тиймээс ч хуулийн хүрээнд ажиллаж байгаа гэж бодож байна. Харин хууль зүйн туслалцаа авах үйлчилгээ нь л дутмаг байгаа бол үүнд нь л анхаарах ёстой.

Түүнээс өнөөдөр энд хүний эрх дутаад, хүний эрх зөрчигдөж, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх эрхээ эдлэж чадахгүй байна гэж ярих гэж байгаа бол үүнтэй би санал нийлэхгүй. Харин ч Монгол Улсад их юм юу байна жагсаал цуглаан л байна. Энэ нь иргэд эрхээ эдэлж байгааг харуулж байгаа юм. Улс төрийн намууд, улстөрчид өөрсдөө хүний эрхийг хангах тал дээр хандлага, ар барилаа өөрчлөөч гэж хүсмээр байна. Төрийн байгууллага иргэн хоёрын дунд асуудал үүсгээд байгаа хүн нь улстөрчид байна гэж харж байгаа" хэмээсэн байна.