Т.Аюурсайхан: Т.Доржханд гишүүн “Монре” даатгалын 88.5 хувийг гэр бүлийнхээ гишүүний нэр дээр эзэмшдэг. Ашиг сонирхлын зөрчилтэй

Т.Аюурсайхан: Т.Доржханд гишүүн “Монре” даатгалын 88.5 хувийг гэр бүлийнхээ гишүүний нэр дээр эзэмшдэг. Ашиг сонирхлын зөрчилтэй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийг УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Т.Аюурсайхан, Т.Доржханд нарын байр, суурь зөрөлдөж муудалцав. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Парламент гэдэг бодлогын мэтгэлцээний талбар. Мэргэжилтнүүдийн ч талбар шүү. Мэргэжилтнүүдээ сонсохгүйгээр шийдвэр гаргадгийн уршгийг бид нар 30 жил хүртсэн шүү. Одоо үүнийг зогсоох хэрэгтэй. Өөрөө компанийн эзэн юм байна, асуудлыг чинь ярина шүү гээд байна. Ярь л даа. Ажлаа өгч чадна шүү. Надад амбиц байна. Санхүүгийн секторыг шинэчилье. Хогийн авилгын системийг зогсооё. Ингэж л УИХ-д орж ирсэн. Т.Аюурсайхан гишүүн ээ. Та хэний эрх ашгийг хамгаалах гээд байна вэ. Хуулийнхаа үзэл санааг ойлгож байна уу?

Үүний хариуд УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Т.Аюурсайхан “УИХ-ын гишүүд та бид тангараг өргөсөн. Хуулийг санаачилсан гишүүд нийт иргэний эрх ашгийн төлөө ажиллаж байгаа. Т.Доржханд гишүүн та “Монре” даатгалын 88.5 хувийг гэр бүлийнхээ гишүүний нэр дээр эзэмшиж байгаа. Тэгэхээр энэ хэлэлцүүлэгт та ашиг сонихрлын зөрчилтэй. Та тангараг өргөхдөө нийт иргэний эрх ашгийн төлөө ашиг сонихрлын зөрчлөөс ангид ажиллана гэсэн. Таны Монре даатгал 2020 онд 2.3 тэрбум төгрөгийг хурааж, 1.5 тэрбумыг жолооч нарт олгосон байна. Та энд хувийн ашгаа өсгөх буюу хамгаалахын тулд УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж болохгүй. Та хэлэлцүүлэгт оролцож болохгүй, санал хураалтад оролцож болохгүй хуультай. Хэрвээ оролцвол ҮХЦ дээр асуудал үүснэ. Тангаргаасаа няцсан, хууль дээдлэх зарчмыг зөрчинө. Та УИХ-д хувийн бизнесийг дэмжиж, ашиг орлогыг нэмэгдүүлэх гэж орж ирээгүй шүү.  Миний сануулгыг хүлээж авахгүй бол би таныг өргөсөн тангаргаасаа няцсан хэргээр ҮХЦ-д асуудал үүсгэнэ" гэлээ.