УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлагаар Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд "Шинэ хороо-Дахин дулаалга" төсөл амжилттай хэрэгжиж байна. Уг төслийн хүрээнд зорилтот бүлгийн 40 айлын байшинг "Базальт вүүл" компанитай хамтран чулуун хөвөнгөөр дулаалжээ. Ингэснээр тус айлууд гал түлэх шаардлагагүй бөгөөд маш бага цахилгаанаар гэрээ халааж байгаа юм. Эдгээр айлын нэгнийхээр өнөөдөр /2021.11.03/ УИХ-ын гишүүн Н.Учрал, "Базальт вүүл" ХХК-ийн захирал н.Ариунболд нар зочиллоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал "Шилэн хөвөн нь манай цаг уурын нөхцөлд тохиромжгүй. Харин чулуун хөвөн нь хамгийн сайн тохирдог юм байна. Богино хугацаанд гэр хорооллын айл өрхүүдийг бүгдийг нь орон сууцжуулах боломжгүй. Тэгэхээр хашаандаа яаж тохь тухтай амьдарч болох вэ гэдэг асуудлаар судалгаа хийсэн. Ингээд лагаас газ гаргадаг төслийг судалж үзээд Засгийн газарт танилцуулсан. Дараа нь 100 айлын монгол гэрийг олон улсын байгууллагын төсвөөр дулаалсан. Тэр айлууд өнгөрсөн өвөл дулааны алдагдалгүй өвөлжсөн. Дулаан алдагдалтай байсан учраас түлш бага хэрэглэсэн.
Мөн орчин үеийн гэр буюу гэр хэлбэртэй хаусыг 42 айлд тавьж өгсөн. Тэдгээр айлууд цахилгаан халаагуураар халсан. Мөн маш бага цахилгаан зарцуулсан. Тиймээс иргэд өөрсдөө санаачлаад гэр хаусыг ашиглахыг хүсч байгаа юм. Ингээд дараа нь хуучны байшингуудыг чулуун хөвөнгөөр дулаалж байна. Мөн л маш бага цахилгаан хэрэглэж байна. Айлууд сайн жишгүүдийг нэвтрүүлж гэр орон байраа яаж зөв дулаалах талаар мэдээлэлтэй болох ёстой" гэлээ.