Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Завханы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Сэлэнгийн баруун хэсгээр, маргааш өдөр Архангайн нутаг, Булганы өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.  

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-6-нд нутгийн өмнөд хагаст цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваанд хальтаргаа гулгаа үүсэх, цасанд хаагдах нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 11 дүгээр сарын 05-наас 11 дүгээр сарын 09-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

5-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 7-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 8-нд Дорнод-Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5-нд говь, тал, хээрийн нутгаар, 6-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар эрс хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна.