УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.
Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг, Засгийн газрын бүрэлдэхүүнд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг тус тус нэмэхээр хуулийн төслийг боловсруулжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн С.Чинзориг "Эдийн засаг, хөгжлийн сайд дан дээлтэй байвал ажил явуулахад хүндрэлтэй байгаа юм. Сангийн сайд нь Эдийн засаг, хөгжлийн сайдынхаа үгийг сонсох уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Мөн тус яамны дэргэд агентлаг баймаар юм. Гадаад хөрөнгө оруулалтын чиглэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байх шаардлага зайлшгүй бий. Ийм санал оруулж ирэх боломжгүй юу?" гэдгийг тодруулав.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Засгийн газрын бүтэц нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Тиймээс Ерөнхий сайдын саналыг харгалзан үзнэ. С.Бямбацогт нарын гишүүний өргөн барьсан хуульд Эдийн засаг, хөгжлийн сайд Шадар сайдтай хавсарч явахаар санал оруулж ирсэн.
Ерөнхий сайд тус яамны сайдыг Шадар сайдын түвшинд ажиллуулахыг дэмжихгүй байгаа. Өмнө нь шадар сайд бөгөөд засаг захиргааны сайд гэж байсан. Тухайн үед яамыг нь татан буулгаж байсан тохиолдол гарч байсан. Тиймээс Эдийн засаг, хөгжлийн яамыг дангаар нь байлгах санал ажлын хэсэг дээр яригдсан. Цаашдаа яамны харьяанд гадаад хамтын ажиллагаатай холбоотой хэрэгжүүлэгч агентлаг байх боломжтой талаар Засгийн газрынхантай ярилцсан. 2022 оны төсөвт Эдийн засаг, хөгжлийн яамыг 87 хүний орон тоотой байхаар төлөвлөсөн байна лээ" гэв.
ҮЗЭХ: