БНСУ манай улсад визний хориг тавьжээ. Гэвч албаныхан энэхүү мэдээллийг "НАМ ДАРЖЭЭ"

БНСУ манай улсад визний хориг тавьжээ. Гэвч албаныхан энэхүү мэдээллийг "НАМ ДАРЖЭЭ"

БНСУ манай улсад визний хориг тавьжээ. Тодруулбал, тус улс F5 буюу байнгын оршин суух виз болон F6 буюу гэрлэсэн цагаач иргэн гэх визтэй иргэдийг л тус улс руу нэвтрүүлэх шийдвэр гаргаж, авиа компаниудад дээрх мэдээллийг хүргүүлсэн байна.

Тиймээс энэ сарын 5 болон 7-ны өдрийн нислэгт дээрх визний ангилалаас өөр төрлийн визтэй иргэдэд тийз олгохгүй байгаа аж. Энэ талаар МИАТ-ээс тодруулахад “Нислэг бол үйлдэж байгаа. Харин визний хязгаарлалт тавьсан нь үнэн. БНСУ-ын Зам тээврийн яамнаас ийм шийдвэр гарч, авиа компаниудад мэдээлсэн” гэх мэдээллийг өглөө.  

Үүнээс үзэхэд, БНСУ манай улсыг “Улаан бүс”-т оруулсан нь батлагдав. Гэтэл байдал ийм дээрээ тулж, БНСУ манай улсад визний хориг тавьчихаад байхад энэ талаарх мэдээллийг албаныхан өнөөг хүртэл олон нийтэд мэдээлсэнгүй, нам даржээ. 

Өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас манай улсын иргэдийг БНСУ-д хүлээн авахгүй хэмээн мэдэгдсэн талаар ч бид өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдоос Ковид-19 халдварын тохиолдол олон батлагдаж байнгын өсөлттэй байгаа тул БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн Сөүл хотод буух зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан байсан юм. Тэгвэл энэхүү хориг ийнхүү үргэлжилж байгаа аж.  

Харин энэ талаар БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбаттай уулзах үеэрээ “Ковидын дэглэмээс шалтгаалан тусгай үүргийн нислэгийн зорчигчдод бид тусгай шаардлага тавихаас өөр арга байхгүй байгаа. Нэг онгоцноос гураваас дээш хүнээс халдвар илэрсэн тохиолдод тус улсын нислэгийг долоо хоног цуцалдаг.

Уг нь хуваарьт нислэгээ сэргээчихвэл манай зүгээс татгалзах ямар ч асуудал байхгүй.

Хуваарьт нислэгтэй орнуудад бол нислэг цуцлахгүй 60 хувийн дүүргэлттэй явах л шаардлага тавьж байгаа. Дэлхийн олон оронтой бид хуваарьт нислэгийг сэргээсэн, харин танай орны зүгээс хуваарьт нислэгээ эхлэхгүй, зөвхөн тусгай үүргийн нислэг хийгээд байгаа бөгөөд тусгай үүргийн нислэг дээр бид бусад бүх орнуудад тавьдаг тооны хязгаарлалтаа тавихаас өөр аргагүй байна гэлээ. Гэхдээ дамжин өнгөрөх зорчигчдыг хүлээн авч байгаа, мөн Солонгосоос Монгол явах нислэгийг зөвшөөрч байгаа” гэдгийг онцолсон байна.