Ардчилсан намын дарга М.Тулгат болон нарийн бичгийн дарга О.Баасанхүү нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд хэлэхдээ "О.Цогтгэрэл даргатай АН-аас энэ сарын 5-нд намын "Онц Их хурал"-ыг зохион байгуулахаар товлосон. Тус "Онц Их хурал"-нь хүчин төгөлдөр биш" гэж мэдэгдлээ.
Тодруулбал, нарийн бичгийн дарга О.Баасанхүү "АН-д үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд УИХ-ын нөхөн сонгуулийн өмнө 11 дүгээр сарын 5-нд Эвлэрлийн их хурал хуралдуулах санаачилгыг гарган талууд өнөөдрийг хүртэл яриа хэлцлүүдийг хийж ирсэн. Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй албан ёсны намын дарга тодорхой болохгүй байгаа хэдий ч аль, аль тал хууль ёсны болох нь Улсын Дээд шүүхийн хүчинтэй байгаа 2017 оны тогтоол, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны Ерөнхийлөгчийн болон УИХ-ын нөхөн сонгуулийн нэр дэвшилт бусад төрийн байгууллагуудын лавлагаа зэргээс АН-ын үйл ажиллагаа дүрмийн дагуу, хэвийн үргэлжилж буйг нотолж байгаа. Хэдий тийм боловч намын удирдлагын зүгээс ойлголтын зөрүүтэй олон мянган гишүүд, дэмжигчдээ хүндэтгэн АН нэг цул болох үйл явцыг бодитой хэрэгжүүлэхийн тулд тодорхой асуудлууд дээр хүндэтгэлтэй хандаж, хамтран ажиллаж ирсэн билээ.
Намын цаашид ажиллах зарчим, дүрмийн өөрчлөлтийг нухацтай хэлэлцэн боловсруулах, их хурлын бэлтгэл ажлыг хууль дүрмийн ямар ч маргаан гаргахгүй байх, нягт нямбай явуулахад тодорхой хугацаа шаардагдаж байгаа тул Эвлэрлийн их хурлын товыг хойшлуулах саналыг гаргасан. Харамсалтай нь, Онц их хурал нь намын үндсэн дүрмийг зөрчсөн, зарласан байдал гаргах шийдвэр нь хүчин төгөлдөр бус, төлөөлөгчдийн бүрэлдэхүүн нь нэг талыг барьсан, гишүүдийн дунд бухимдал, үл ойлголцол үүсгэх сөрөг үр дагавартай. Хүч түрэмгийлсэн шийдвэрээр зохион байгуулагдаж байгаа тул эвлэрсэн, хамтарсан хурал гэж үзэж боломжгүй. Иймд үндсэн дүрмийн хүрээнд харилцан ойлголцож, талуудын оролцоог жигд хангасан хамтын шийдвэрээр шйидвэрлэх ёстой гэж үзэж маргааш болох Онц их хурлыг хүчин төгөлдөр гэж үзэхгүй болохыг нийт намын гишүүддээ мэдэгдэж байна" гэлээ.
ҮЗЭХ: