LIVE: Ц.Магалжав барилдаан зохион байгуулах бэлтгэл хангагдаагүй тул барилдааныг хойшлуулсан

LIVE: Ц.Магалжав барилдаан зохион байгуулах бэлтгэл хангагдаагүй тул барилдааныг хойшлуулсан

Чингис хааны мэлмий гийсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан маргааш буюу 2021 оны арваннэгдүгээр сарын тавны 12.00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар товлоод байсан билээ. Тэгвэл тус барилдааныг цуцлах болсон талаар Монголын үндэсний бөхийн холбоо өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн.

Ингэхдээ, “Цар тахлын халдвар буурч байгаа боловч вакцины гуравдугаар тунгийн асуудлаар төрийн байгууллагууд мөн УОК, НОК-ынхон нэгдсэн ойлголт, шийдвэрт хүрээгүй байна. Үүний улмаас олон нийтийн зарим хэсэгт бухимдал үүсэх магадлалтай хэмээн төрийн байгууллагууд барилдааныг хамтран зохион байгуулах боломжгүй болсныг мэдэгдсэнд бөх сонирхогч, үзэгч олон нийт, шууд дамжуулахаар зэхсэн телевизийн хамт олноос хүлцэл эрье. Тасалбар худалдан авсан иргэдэд төлбөрийг буцаан шилжүүлэх болно” хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл энэхүү мэдэгдлийг УОК-ын шуурхай штабаас үгүйсгэж, МҮБХ бэлтгэл ажлаа бүрэн хангаагүйгээс барилдааныг цуцлах шийдвэрийг тэд гаргасан. Ийм атал цахим сүлжээгээр Засгийн газар хийгээд УОК-ыг буруутгасан байдалтай мэдэгдэл хийлээ гэдгийг онцлов.

Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр "Иргэд олон нийтээс Монгол бахархлын өдрийн Бөхийн барилдааны талаар санал хүсэлтүүд их ирж байна. Засгийн газар, УОК-иос үндэсний бөхийн барилдааныг хойшлуулж, цуцлаагүй. Харин Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав барилдаан зохион байгуулах бэлтгэл хангагдаагүй тул барилдааныг хойшлуулсан. 

УОК, НОК үзвэр үйлчилгээ, соёл урлаг зэрэг олон нийтийн арга хэмжээг холбогдох журмын хүрээнд, танхимын 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулах талаар иргэн аж ахуйн нэгжүүдийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж, бүх талаар дэмжиж хамтран ажиллаж байгаа" гэлээ.

Дээрх мэдээллүүдээс үзэхэд маргааш буюу Монгол бахархлын өдөрт зориулсан 128 бөхийн барилдаан болохгүй нь.  Тун удахгүй МҮБХ-ноос мэдээлэл өгөх аж.  Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.