Global Times: Монголоос Эрээн хотод тээвэрлэгдэн ирсэн бараанаас Ковид-19 илэрчээ

Global Times: Монголоос Эрээн хотод тээвэрлэгдэн ирсэн бараанаас Ковид-19 илэрчээ

Хятад улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Эрээн хотод Монгол Улсаас тээвэрлэгдэн орж ирсэн бараанаас Ковид-19 илэрсэн гэж Хятадын “Global Times” сонин 11 дүгээр сарын 4-ний өдөр мэдээллээ.

Монгол Улсаас худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ хүлээн авснаа Эрээн хотын таван оршин суугч хотынхоо цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлын хэсэгт мэдэгдсэн байна. Улмаар бараа бүтээгдэхүүнийг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулахад хариу нь эерэг гарчээ.

Үүнтэй холбогдуулан Эрээн хотын эрүүл мэндийн газар коронавирус зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэхийн тулд халдварын өндөр эрсдэлтэй улс орнуудаас бараа бүтээгдэхүүн худалдаж авахгүй байхыг ард иргэддээ анхаарууллаа.

Мөн есдүгээр сарын 15-наас хойш Ковид-19 халдварын өндөр эрсдэлтэй улс орнуудаас бараа бүтээгдэхүүн хүлээж авсан бол зохих журмын дагуу устгуулахыг Эрээн хотын холбогдох албаны хүмүүс иргэддээ уриалав.

Эрээн хотын тээвэр логистикийн паркийн ажилтан Ковид-19 халдвар авсан нь 10 дугаар сарын 13-нд батлагдсанаар Монгол-Хятадын гол боомт болох Эрээн болон Замын-Үүдийн хил хаагдаад байгаа.

Ковид-19 халдварын одоогийн давлагаа Хятадад өнгөрсөн сарын дундуур эхэлсэн билээ. Ийнхүү 11 дүгээр сарын 3-н хүртэлх хугацаанд Өвөр Монголын хэмжээнд дотоодын халдварын нийт 163 тохиолдол батлагдаад буй. Үүний 144 тохиолдол нь Хятад-Монголын нүүрс тээврийн гол гарцуудын нэг Сэхээ боомт оршдог Алшаа аймгийн Эзнээ хошуунд бүртгэгдсэн бол Эрээн хотод 19 тохиолдол батлагдаад байна.

Эх сурвалж: Global Times