Э.Бат-Үүл: Намын хагарлыг улам гүнзгийрүүлчихлээ

Э.Бат-Үүл: Намын хагарлыг улам гүнзгийрүүлчихлээ

УИХ-ын 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд Э.Бат-Үүл нэр дэвших үеэр АН-ын нэгдэж, эвлэрч буйгаа зарлаж, энэ сарын 05 /2021.11.05/-ны өдөр “Эв нэгдлийн их хурал”-аа зарлаж байна гэж мэдэгдсэн.

Харин өчигдөр /2021.11.05/ болсон тус хурлыг О.Цогтгэрэл ашиглачихав бололтой. Учир нь тус хурлаар хоёр тал тохиролцож, эвлэж нэгдэх талаараа хэлэлцэж, цаашид нэгдэх хэлэлцээр үргэлжилнэ хэмээн зарим гишүүд нь хүлээж байсан ч, харамсалтай нь тэгсэнгүй.

Тодруулбал, О.Цогтгэрэлийг АН-ын даргаар сонгогдсон хэмээн батламжилж, Л.Гантөмөрийн тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга хэмээн зарласан юм. Харин тэдэнд АН-ын албаны ёсны тамга байхгүй юм. Иймд АН дотроо ганцаардаж байсан О.Цогтгэрэл хань татаж Л.Гантөмөрийг татлаа гэх нэгэн ч байгаа аж. 

Энэ нь тус намыг бүр хагалж орхив бололтой. Энэ талаар Э.Бат-Үүл, “Зоригийн хөшөөний өмнө хэлсэн уриалгыг минь хүлээж аваад ирсэн Элбэгдорж,Алтанхуяг нэг индэр дээр гарсан Онц Их Хурал,сүүлийн мөчид онцгүй шийдвэр гаргаж Тулгатын хэлсэнчлэн намын хагаралыг улам гүнзгийрүүлчихлээ! Намаа,залуусаа нэгтгэх итгэл найдвар маань өнгөрлөө дөө!Яав даа” хэмээжээ.

-УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛГИЙН ХУВААГДАЛ ДАХИН ЭХЛЭХ ҮҮ-

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулж, түүнийг оронд Ц.Тувааныг томилох ажиллагааг Ерөнхийлөгч асан Х.Баттулга эхлүүлсэн гэдэг. Харин тус ажиллагааг хүчгүй болгохын тулд УИХ-ын гишүүн И.Ганибал, Ж.Батсуурь, Ц.Туваан нарыг АН-ын гишүүнчлэлээс хассан гэж мэдэгдэж, асуудал нэлээдгүй хурцдаад байв. Иймд тус асуудлыг өчигдөр болсон “Эв нэгдлийн хурал”-ыг болж өнгөртөл түр хойшлуулж, нэгнээ муулахгүй эв нэгдэлтэй байя гэж АН-ын бүлэг дотроо тохирсон гэх мэдээлэл бий. Тэгвэл тус асуудал маргаашаас эхлэн дахин сөхөгдөж магадгүй юм. Учир нь Д.Ганбат өчигдөр болсон хурлын үеэрээ “Би АН-ын бүлгийн даргын ажлаа өгөхгүй” гэж индерээс мэдэгджээ.