"Хар машины программынх нь баталгаатай хугацаа нь дууссан. Одоо итгэл даах сонгуулийн автоматжуулсан системтэй болсон нь дээр"

"Хар машины программынх нь баталгаатай хугацаа нь дууссан. Одоо итгэл даах сонгуулийн автоматжуулсан системтэй болсон нь дээр"

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран 2012 оноос хойш есөн удаагийн сонгуульд ашиглаад байгаа сонгуулийн санал хураах төхөөрөмжүүдийг шинэчлэхээр төлөвлөж байгаагаа дуулгасан.

Гэсэн ч үүнийг Ж.Сүхбаатар гишүүн мэдээгүй явж буй бололтой. Тэрбээр хар машиныг шинэчлэх талаар ярьсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн жиргээнд эгдүүцжээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Сонгуулийн дэвшилтэт тогтолцоог нураахад чимээгүй дэмжиж оролцсон. Одоо бүр сонгуулийн автоматжуулсан системийн хууль, үйл ажиллагааг нураах тухай ярьсан байх юм. Ямар адын санаа бодол шүглэхээрээ ардчилал ярингаа ардчилалд хэрэгтэй технологиудыг устгах тухай ухуулга хийгээд байна" хэмээжээ. 

Харин түүний энэхүү асуултад Ц.Элбэгдорж "Хар машин шатааж явсан байх аа. Программынх нь баталгаатай хугацаа нь дууссан. Хэн, хаанахын оролцоотой шинэ программ хийв, үзээ хараа дэлгэц дээр санал солигддог, зогсдог гээд бүгд харсан. Хуулиа хамтарч сайжруулж, итгэл даах сонгуулийн автоматжуулсан системтэй болсон нь дээр" гэх тайлбарыг өгчээ. 

Ташрамд өгүүлэхэд, сонгуулийн санал хураах төхөөрөмж нь улсын бүртгэлийн тодорхой төрлийн төхөөрөмжүүдтэй иж бүрдэл болдог учраас хамтад нь солих шаардлагатай байгаа. Тодруулбал, холбогдох талуудтай зөвшилцсөний үндсэн дээр 2022 онд судалгаа явуулж, сонголт хийсний дараа 2023 оны төсвийн төсөлд худалдан авалтын төсвөө тусгуулж, тухайн ондоо программ хангамж, тохируулга, туршилт зэрэг бэлтгэл ажлаа хангаад 2024 онд ашиглаж эхлэхээр төлөвлөж байгаа аж.