Ч.Хүрэлбаатар: Хаан банкны 60 хувийг худалдаж авсан компанийг хуулийн байгууллага шалгаж байгаасай гэж хүсэж байна

Ч.Хүрэлбаатар: Хаан банкны 60 хувийг худалдаж авсан компанийг хуулийн байгууллага шалгаж байгаасай гэж хүсэж байна

Хаан банкны хувьцааны 60 хувийг хэн авав гэдэг асуулт олны анхаарлыг татаад буй. Тус банкны 45.55 хувийг Японы “Савада Холдингс”, 14.45 хувийг түүний охин компани “Эйч Эс Интернэшнл” эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, нийт хувьцааны 60 хувийг японууд эзэмшдэг гэсэн үг. Анх Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар уг асуудлыг хөндөж, “тренд” болгосон.

Тэгвэл Сангийн сайд асан  60 хувьтай холбоотой өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Төрийн албан хаагчид, төрийн мөнгийг байршуулж буй банкууд бодит мэдээллийг ард түмэнд мэдээлэх ёстой. Банкны нэг эзэн 20 хувиас дээш гаргаж болохгүй. Ийм хуультай. Нэг банкны эзэн нөгөө банкаа худалдаж авах нь бүр хуулиар хориотой.

Монгол Банкны Ерөнхийлөгч чуулган дээр Хаан банкны хувьчлалын талаар тайлбарлахдаа “нэг үе шат дутуу байгаа. Бид таны хэлээд буй зүйлийг эцэслэж, нягталж тодруулна” гэсэн.

Хуулийн байгууллага 60 хувийг худалдаж авсан компанийг шалгаж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Шалгаж байгаасай гэж бодож байна. Хэрэв ямар нэгэн асуудал байна гэвэл зогсоох ёстой.

Монгол банк арилжааны банкуудад хяналт тавьдаг. Капитал банк 2014 он гэхэд дампуурчихсан байсан ч таван жил үйл ажиллагааг нь явуулсан. Ингэхэд төрийн 300 гаруй тэрбум төгрөг хөндөгдсөн.

Би Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкуудад төрийн мөнгийг байлгаж болохгүй гэсэн бичиг өгөөд гурван жил болж байна” гэв.