Монголын Хөл Бөмбөгийн Холбооны эмэгтэй шүүгчдээс анх удаа Олон улсын шүүгчийн зэрэгт хүрээд байсан Өнөржаргалын Батцэцэг Азийн Хөл Бөмбөгийн Холбооны Элит шүүгч боллоо.
Анх 2016 оноос МХБХ-ны шүүгчээр ажилласан тэрбээр Завхан аймгийн харьяат бөгөөд тивийн шүүгчдийн шалгалтыг давж Монгол улсаас АХБХ-нд данстай тав дахь элит шүүгч болж байгаа юм. Ингэхдээ Азийн элит зэрэглэлтэй болсон анхны эмэгтэй шүүгч болж байгаа аж.
МХБХ-ны шүүгчийн хэлтсийн зүгээс шүүгчиддээ бие бялдар, онолын өндөр шалгуур тавьж үндэсний дээд лигт ажиллуулдаг. Улсынхаа хамгийн дээд зэрэглэлийн тэмцээнд өөрийгөө батлан харуулсан шүүгчид ийнхүү олон улс, АХБХ-ны элит зэрэгт хүрдэг байна.