ХЭРГИЙН ГАЗРЫН СУРВАЛЖИЛГА: Дунд ангийн сурагчид мансууруулах эмэнд донтож байна

ХЭРГИЙН ГАЗРЫН СУРВАЛЖИЛГА: Дунд ангийн сурагчид мансууруулах эмэнд донтож байна

Хар тамхины хэрэглээ манай улсын хэмжээнд хэдийнээ газар авсан талаар албанаас мэдээлсээр байгаа. Гэсэн ч хар тамхи гэсэн мэдээллийг уншигчид тоохоо болж хэдийнээ чихнэ дасал болсон нь харамсалтай. Бид ЕБС-ийн зарим сурагчид мансуурах зорилгоор эм хэрэглэдэг гэх мэдээллийн мөрөөр сурвалжилга бэлтгэлээ. 

-СУРАГЧИД ЭМИЙГ МАНСУУРАХ ЗОРИЛГООР ХЭРЭГЛЭДЭГ-

Эцэг эхчүүд асран хамгаалагч нар дунд анги болон ахлах ангийн сурагчид чухам юу хэрэглэж юуг сонирхон донтож байгааг анхаарах цаг хэдийнээ болсон байна. Суурь хүмүүжлээ бүрэн олоогүй бие хүн болж төлөвшөөгүй насан дээрээ байгаа өсвөр үеийнхэн өвчин намдаах эмийг нэг дор олон тоогоор хэрэглэж улмаар хар тамхины хамааралтай болж байна. 

Эмийн сангуудад арван жилийн хүүхдүүдийн асууж сурагласан эм бэлдмэлийг эмчийн бичиггүй ямар ч хараа хяналтгүй худалдан борлуулж байгааг сурвалжлаг бэлтгэж байх үеэр олж мэдсэн юм. Эмийн санчийн өгсөн тэрхүү олон тооны эмийн цаана бидний ирээдүй болсон олон сурагчид хар тамхичин болон өсөж байна. Нөгөө талаар цахим тоглоомын газруудад сурагчид эмийг олон тоогоор нь хэрэглэж тэндээ мансууран тоглоцгоодог байна.

Бид арван жилийн хүүхдүүдийн нэг нэгнээ уруу татан хэрэглүүлдэг эм нь нэг удаа хэрэглэвэл өвчин намдаах үйлчилгээтэй хоёр дахь удаагаа мансууруулан тархи мэдрэлийн хүчтэй гэмтээснээр улам донтуулдаг байгаа юм. 

Энэхүү нэг төрлийн эм нэг төрлийн мансууруулах төрлийн бодисыг хэрэглэсэн хүүхэд хичээлдээ дургүй болж, олон хоног хичээлээ таслах, багш, эцэг эхийнхээ үгэнд орохгүй болох, гадна орчны нөлөөллийг мэдрэхгүй болох тархины сэтгэн бодох чадвар алдагдах зэрэг маш олон аюултай хор уршигтай ажээ. 

Арван жилийн сурагчдад тамхи татах сонин биш болжээ. Харин хичээлдээ орохоос өмнө бөөндөө нийлж эмийн төрлийн хар тамхийг хэрэглэн мансуурдаг аж. Тэд ингэхдээ нэг нь нөгөө найздаа “Хэрэглэвэл бие хөнгөрдөг, гоё үйлчилгээтэй, зүгээр л нэг эм” гэх зэргээр итгэн үнэмшүүлэн биесээ уруу татдаг байгаа юм. Цаашлаад дахин хэрэглэх мөнгөө олохын тулд худал хэлж, хулгай дээрэм гэх зэрэг гэмт хэрэгт холбогдож, үйлдэж эхэлдэг аж. Манай улсын хэмжээнд 2019 оны сүүлийн тоон мэдээллээр хамгийн ноцтой хар тамхи хэрэглэсэн, худалдан борлуулсан, бусдад түгээсэн гэх хэргээр арван жилийн зургаан хүүхэд, 23 оюутан шалгагдаж байна.

-СУРГУУЛИЙН ОРЧМООР “ЭМ”-ИЙН УУТ ЦАС ШИГ ХАЯГДСАН БАЙДАГ БАЙНА-

Арван жилийн хүүхдүүд эмийн бодис хэрэглэж хар тамхины хамааралтай этгээд болж буй гол шалтгаан нь бусдын ятгалаг, уруу таталт болдог байна. Мансууруулах сэтгэцэд нөлөөлдөг эм нь нэг хайрцаг тамхинаас хямд бөгөөд эмийн сангуудаар эмчийн жоргүй олгож байгаа нь хамгийн их анхаарал татаж байгаа юм. Хар тамхи хэрэглэсэн хүн нэг л удаа хэрэглэсэн тэрнээс хойш олон жил донтогч болсон байдаг. Хар тамхины хамааралтай мансуурагч этгээд өөрийгөө удирдах чадваргүй, гадны орчноос ирэх нөлөөлөлд хариу үйлдэл хийх чадваргүй болж эрүүл мэнд оюун санаагаа тэр чигт нь алддаг. 

Бид сурвалжилга бэлтгэж байх үеэр сурагчдын хэрэглэдэг гэх эмийг цэвэрлэгээний ажилтанд үзүүлэхэд олон удаа харж байсан гэдгээ хэлж байлаа. Учир нь өглөө эрт буюу хичээл орох үеэр болон хичээл тарах цагуудаар сургуулийн ойр орчмоос тухайн эмийн цаас олон тоогоороо хаягдсан байсныг цэвэрлэж байсан аж. 

Энэ байдал нь олон удаа харагдаж байсан гэх. Үйлчлэгч сургуулийн орчин тойронг цэвэрлэж байхад эмийн уут цас шиг хаягдсан байдаг гэдгийг ч хэлж байсан юм.

Энэ байдал улам гаарсаар бяцхан хүүхдүүд эмээр дамжин хар тамхичдын тоог нэмж байна. Хар тамхи нэг бол үхэл, нэг бол шоронд ордог гэдгийг эцэг, эхчүүд хүүхдүүддээ ухуулан таниулж мэдлэг мэдээллээр хангаж байхгүй бол таны үр хүүхэд нэг л мэдэхэд хар тамхичин болох цаг ойрхон байна. Сэтгэл зүйч судлаачдын хэлж буйгаар, мэргэжлийн хар тамхичин болоход 14-хөн хоног шаардлагатай байдаг гэдгийг сануулсаар. 

Бид энэ удаа эмийн сангуудаар худалдаалагддаг эмийн нэр болоод зургийг уншигчдад нээлттэй мэдээлэхийг зорьсонгүй. Харин энгийн нэг эм өсвөр насны хүүхдүүдийг хар тамхинд донтогч болгож байгааг анхааруулах үүднээс тус мэдээллийг бэлтгэлээ. 

Бидний Монгол дахь хар тамхины тухай сурвалжилга энэхүү нийтлэлээр эхэлж байна.




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө