АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү сүүлийн үеийн дуулианд хэргүүдийн талаар мэдээлэл хийж, гаалийн байцаагч нарын бүлэглэн үйлдсэн авлигын хэргийн бичлэгийг сэтгүүлчдэд үзүүллээ. Тодруулбал, 2015-2016 онд үйлдэгдсэн Замын-Үүдийн Гаалийн байцаагч нарын хахуульд авсан мөнгөө тавилгын араар нуусныг илрүүлсэн бичлэг юм.
БНХАУ-аас оруулж ирж буй импортын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахгүйгээр хахуул авсан хэрэгт гаалийн байцаагчид шалгагдаж, шалгалтын үеэр хахуульд авсан мөнгөө ор болон агааржуулагчийн ард нуух зэрэг үйлдэл гаргасан байна.
Тухайн байгцаагчид 90 тонн ачааг хяналт, шалгалтгүйгээр хилээр гаргасныхаа төлөө 4,5 сая төгрөгийн хахууль авсан нэг удаагийн үйлдэл нь энэ аж. Хилээр татвар, бүртгэлгүй орж ирсэн бараа нь нийтдээ улсад 28,2 сая төгрөгийн татвар төлөх ёстой байсан юм байна. 2015-2016 онд үйлдэгдээд 2018 оны 1 дүгээр сард шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн хэрэг ажээ.
Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч нар давтан үйлдлээр, бүлэглэж болон дангаар хахууль авсан, нэр бүхий иргэд, компанийн ажилтнууд хахууль өгсөн, шүүгдэгчдийн зарим өмгөөлөгчид нь худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн зэрэг 34 хүнд холбогдох хэрэг ажээ.
АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү "Хэдийгээр энэ үйлдэл нь мөнгөн дүнгийн хувьд бага боловч 90 тонн ачаан дунд ямар зүйл ямар хор уршиг үүсгэж болох вэ гэдэг нь тооцоологдоогүй хохирол юм. Мөн гаалийн байцаагч нарын энэ үйлдэл арилахгүй, одоо ч хэвээр байгаа шударга бус үйлдэл байгаа учраас үүнийг таслан зогсоохын тулд бид ажиллаж байна" гэлээ.