ХУУЛЬ БУС ТОМИЛГОО-2: НИТХ-ын дарга асан Р.Дагвын хүү Дөлгөөнийг хууль бусаар томилсон тушаалыг хүчингүй болгосон ч өнөөг хүртэл ажилласаар байна

ХУУЛЬ БУС ТОМИЛГОО-2: НИТХ-ын дарга асан Р.Дагвын хүү Дөлгөөнийг хууль бусаар томилсон тушаалыг хүчингүй болгосон ч өнөөг хүртэл ажилласаар байна

Төрийн албаны хууль бус томилгоо хаана, хэрхэн явагдаж байгааг бид цувралаар мэдээлж байгаа билээ. Энэ удаад НИТХ-ын дарга асан, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Р.Дагвын хүү Дөлгөөний хууль бус томилгоог нэхэн сурвалжлав.

НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга  Р.Дагвын хүү Дөлгөөнийг энэ оны хоёрдугаар сарын нэгний өдөр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргаар хууль бусаар томилсон байдаг.

Тодруулбал, Д.Дөлгөөн нь төрийн албаны шалгалт өгөөгүй, ажилласан жилийн болзол, шаардлага хангаагүй атал түүнийг дээрх албан тушаалд томилсон байна.

Нарийвчилбал, 1989 онд төрсөн тэрбээр “Эрдэнэс тавантолгой” ХК-д нэг жил орчим мэргэжилтэн хийж байсан бөгөөд төрийн албанд ажиллаж байгаагүй нэгэн юм.

Гэтэл түүний томилогдсон албан тушаал нь Төрийн албаны Ахлах түшмэл буюу Т3-9 гэсэн ангилалд багтдаг бөгөөд тус албан тушаалд томилогдохын тулд төрийн албанд найман жил ажилласан байх шаардлагатай аж. Гэвч Д.Дөлгөөн шууд эл албанд томилогдсон нь анхаарал татаж буй юм.

Тиймээс ч Төрийн албаны зөвлөл гуравдугаар сарын гуравны өдөр Д.Дөлгөөнийг хууль бусаар томилсон тушаалыг хүчингүй болгох хугацаатай үүрэг даалгаврыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Энхтайванд өгч байжээ.

Гэвч энэхүү тогтоолыг Г.Энхтайван нь өнөөг хүртэл биелүүлээгүй байна. Тиймээс ч аравдугаар сарын 27-ны өдөр ТАЗ-өөс Д.Дөлгөөнийг хууль бусаар томилсон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын Б/09 дугаар тушаалыг хүчингүй болгох тогтоолыг гаргасан байна. Харин  Д.Дөлгөөнийг ажилд томилсон тушаал ийнхүү хүчингүй болоод 15 хоног болж байгаа ч тэрбээр өнөөдөр ч хууль зөрчин албан үүргээ гүйцэтгэсээр байгаа юм.  

НХААГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Энхтайваны суудал ганхаж мэдэх нь.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 76 зүйлийн 4-т “Төрийн албаны төв байгууллагын болон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлсэн боловч албан хаагчийг хууль бусаар дахин ажлаас халсан албан тушаалтны шийдвэрийг энэ хуулийн 76.7-д зааснаас бусад тохиолдолд төрийн албаны төв байгууллага хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ”.

76 зүйлийн 5-д “Энэ хуулийн 76.4-д заасан эрх бүхий этгээд нь мэдэгдлийг заавал биелүүлж, авсан арга хэмжээний талаар 7 хоногийн дотор хариу мэдэгдэнэ” хэмээн заажээ. Тэгэхээр ТАЗ-ийн тогтоолыг биелүүлээгүй гэх шалтгаанаар Г.Энхтайван ч өөрөө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж магадгүй байна.

Г.ЭНХТАЙВАНЫГ МӨН ХУУЛЬ БУСААР ТОМИЛЖЭЭ

Мөн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Энхтайван ямар шалтгаанаар Д.Дөлгөөнийг ажлаас нь чөлөөлөхгүй байна гэх асуулт хариултаа нэхэж байна.

Харин энэ бүхний цаад шалтгаан нь НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва байхыг үгүйсгэхгүй гэх мэдээлэл бий. Тэд нэг намын харьяалалтай, угшил нэгтэй хүмүүс. Энэ нь Д.Дөлгөөнийг ажлаас чөлөөлөхгүй байх тушаа болж байна гэх хардлага байна.

Түүнчлэн Г.Энхтайван нь ч өөрөө хууль бусаар эл албан тушаалд томилогдсон нэгэн аж. Түүнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хууль бусаар томилж байжээ. Тэрбээр мөн л төрийн албаны шалгалт өгөөгүй, нөөцөд бүртгэлгүй нэгэн аж.

Үргэлжлэл бий.