Чацаргана жимсийг боловсруулж, дотоод, гадаадын зах зээлд нэвтрүүлэх зорилготой үйлдвэр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртад үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ногоон Ази сүлжээ ОУТББ хамтран “Жимс, жимсгэнэ тариалан эрхлэгчдийн сургалт үйлдвэрлэлийн төв”-ийг байгуулан, өчигдөр /2021.11.11/ нээлтээ хийлээ. Энэхүү төслийг БНСУ-ын КОЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага санхүүжүүлжээ. “Ногоон Ази сүлжээ” ТББ нь “Жимс, жимсгэнэ боловсруулах үйлдвэр”-ийн төслийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж өдгөө “Жимс, жимсгэнэ тариалан эрхлэгчдийн сургалт үйлдвэрлэлийн төв” хэмээн албан ёсны эрхээ авч үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Төслийн 1-р шат 2019–2021 онуудад барилгыг хүлээлгэн өгч, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлэх бол, 2-р шат 2022–2024 онуудад бүтээгдэхүүн хөгжүүлэлт, дотоод гадаадын зах зээлд нэвтрүүлэх зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөгдөөд байгаа аж.
Нээлтийн ёслолд Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Орлогч дарга Д.Пүрэвсүрэн, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Ц.Гомбосүрэн, БНСУ-ын Койка Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Ким Жүн Му, Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгийн дарга Пак Ху Сон, Монгол Дахь Солонгос иргэдийн Худалдаа аж үйлдвэрийн холбооны дарга Мүн Жон Гын, Ногоон Ази сүлжээ ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Шин Ги Ху тэргүүтэй холбогдох албаныхан оролцсон байна.
Г.Мөнхбаяр