Өчигдөр /2021.11.11/ Цэргийн төв эмнэлэг түүхэн ойнхоо хүрээнд олон бүтээлч ажил, арга хэмжээг өрнүүлж байгаагийн нэг нь "Цэргийн төв эмнэлгийн 100 жил" сэдэвт анхны маркийг загварчлан гаргаж өчигдөр нээлтээ хийжээ.
Тус ёслолын арга хэмжээний үеэр Цэргийн төв эмнэлгийн дарга, ерөнхий эмч, дэд хурандаа Б.Энх-Од, "Монгол Улсын хамгийн анхны марк 1924 онд хэвлэгдсэн байдаг бөгөөд үүнээс хойш 97 жилийн хугацаанд нийт 1086 марк хэвлэгдэн гарчээ. Эдгээрийн хамгийн отгон марк нь өнөөдөр “мэндэлж” буй Цэргийн төв эмнэлгийн 100 жилийн ойд зориулсан энэхүү марк юм. Манай эмнэлгийн өнгөрсөн түүхийн он цагийн хэлхээсийг эл маркт тусган загварчилсан нь манай байгууллагын үнэ цэнийг илүүтэйгээр тодотгон харуулсан ач холбогдол бүхий үйл явдал боллоо. Монгол Улсад эрүүл мэндийн салбартай холбоотой маркийг анх 1960 оноос эхлэн гаргасан байдаг бөгөөд өнөөдөр нээлтээ хийж буй энэ марк анагаах ухааны салбараар овоглогдсон найм дахь марк болж байна" гэв. Харин тус маркийг зохион бүтээх ажлыг санаачлан хэрэгжүүлсэн Цэргийн төв эмнэлгийн дарга асан, бэлтгэл хурандаа С.Батболд "Өнгөрсөн нэгэн зууны түүхэнд улс орноо батлан хамгаалах болон ард түмнээ анагаах эрүүл мэндийн салбарт түүчээлэн оролцсон байгууллага бол яах аргагүй манай Цэргийн төв эмнэлэг юм. Тэр ч утгаараа өнөөдөр нээлтээ хийж буй энэ маркт 1921 оны 8 дугаар сарын 15-нд жанжин Д.Сүхбаатарын тушаалаар цэрэг, ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр байгуулагдсан анхны эмнэлгээс эхлээд улс оронд өрнөсөн дайны он жилүүдэд хэрхэн үүрэг гүйцэтгэж байсан, НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд II шатлалын эмнэлгийн гүйцэтгэсэн үүрэг, үйл ажиллагаа, цар тахлын үеийн онцгой нөхцөлд тэргүүн шугамд ажилласан эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан, албан хаагчдыг дүрслэн харуулсан" хэмээн онцоллоо.