Ц.Эрдэмбилэг: Түлэнхийн төвийн барилгыг барьж буй компаниуд мөнгөө авчхаад гүйцэтгэлээ хийхгүй байна

Ц.Эрдэмбилэг: Түлэнхийн төвийн барилгыг барьж буй компаниуд мөнгөө авчхаад гүйцэтгэлээ хийхгүй байна

-БАРИЛГЫН АЖИЛ 95 ХУВЬТАЙ БАЙНА.  АГААРЖУУЛАЛТЫН ХООЛОЙНЫ АЖИЛ Л ДУТУУ. БИД ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ХАНДАНА -

2011 онд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын шийдвэрээр барилгыг нь акталж нураасан Түлэнхийн төвийн шинэ байр өнөөдөр ч ашиглалтад ороогүй байна. Угтаа 2018 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч гүйцэтгэгч компанийн хариуцлагагүй үйлдлээс болж хойшлоод буй юм. Хамгийн харамсалтай нь энэ хугацаанд Түлэнхийн төв мооргийн барихаар төлөвлөж байса газраа хувийн хэвшилд алдан тэнд нь орон сууц боссон бол эмнэлгийн барилга нь хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байгаа юм. 

Энэ талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгээс доорх тодруулгыг авлаа. Сууриа тавиад аль хэдийн 10 жилийг ардаа орхиж, асуудлаа шийдэж чадаагүйн улмаас түлэгдэж гэмтсэн хүүхдүүд эмчлүүлэх зориулалтын эмнэлэггүй цаашлаад хүндхэн нөхцөл байгаа гэдгийг энд сануулъя. 

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг "Түлэнхийн төвийн барилга их удаж байна. Барилгын ажлыг дуусгуулахаар барилгын компанийг нь шахаж, бүх аргаа хэрэглэж ажилласан. Түлэнхийн төвийн барилгын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Хоёр корпусаас бүрдэж байгаа юм. Нэг корпусын барилгын ажлыг "Цаст констракшн" ХХК гүйцэтгэж байна. Нөгөөхийг нь "Нутгийн зам" компани гүйцэтгэж байгаа. Бүх санхүүжилтийг яамнаас энэ хоёр компанид өгсөн. Гэтэл компанийн хариуцлагагүй байдлаас болж барилгын ажил удааширч байна. Ялангуяа "Нутгийн зам" компани санхүүжилтээ авчхаад гүйцэтгэлээ хийдэггүй. Бид удаа дараа шаардлагыг хүргүүлсэн. Одоо агааржуулалтын хоолойны жаахан л ажил дутаад байна. Түүнийгээ хийхгүй байна. Сүүлд албан шаардлага хүргүүлэхэд хариу ирүүлээгүй. 

Бид Сангийн яаманд хандан "Хар жагсаалтад оруулна. Хуулийн байгууллагад хандана" гэсэн албан шаардлагыг хүргүүлчхээд байж байна. 

Эрүүл мэндийн яамнаас бүх арга замаыг авсан. Бүр болохгүй бол хуулийн байгууллагад хандана. Уг нь барилгаа энэ оны есдүгээр сард дуусгана гэж байсан. Дараа нь арваннэгдүгээр сард гэж хойшлуулсан. Одоо энэ ондоо багтаж дуусгана гэсэн албан гэрээг байгуулсан. 

Удааширч буй бас шалтгаануудын нэг мооргийн газраа алдсантай холбоотой. Анх мооргийн байрыг эмнэлгээсээ тусад нь төлөвлөж зураг төслөө гаргасан. Дараа нь газрын маргаанаас болоод мооргийн байр барих газраа алдсан. Ингээд зурагт дахин өөрчлөлт оруулаад урд талын корпусын B нэг давхар мооргоо барихаар болсон" гэлээ.