Дорноговь аймгийн МАН-ын байрнаас их хэмжээний үнэт эдлэл дээрэмджээ

Дорноговь аймгийн МАН-ын байрнаас их хэмжээний үнэт эдлэл дээрэмджээ

Өчигдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт шөнийн 03 цаг 40 минутын орчимд Монгол ардын намын байрнаас их хэмжээний үнэт эдлэл дээрэмдсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, тус намын байранд үйл ажиллагаа явуулдаг Эрс хүч ХХК, Мэнд Шүр ХХК-ны хаалгыг эвдэн  орж алт, мөнгө, монетон эдлэлийн ээмэг, бөгж, гинж болон мөнгөн аяга, мөнгөн бүс, хөөрөг зэрэг үлэмж их хэмжээний хохиролтой эд зүйлийг дээрэмдэн авч явсан гэмт хэрэг үйлдэгдсэнийг цагдаагийн байгууллага бүртгэн шалгаж байгаа аж.

Энэ талаар тус аймгийн цагдаагийн алба цахим хуудаснаа нээлттэй мэдээлжээ, "Дээрхи гэмт хэргийг үйлдсэн сэжигтэй этгээдүүд нь: 1.Хар өнгийн цахилгаантай куртиктэй, хар хөх өнгийн жинсэн өмдтэй, нүд ам гардаг хар малгайтай, үдээстэй хагас түрийтэй гуталтай, шар царайтай, шулуун өндөр хамартай, зүүн чихээ цоолсон, баруун гарын шуун дээрээ шивээстэй, үсээ баруун талруугаа самнасан, 170-175см өндөртэй, 25-30 орчим насны эрэгтэй, /биедээ хурц ир, үзүүртэй зэвсгийн шинжтэй зүйл авч явж байж болзошгүй/ 2. Хар өнгийн куртиктэй, хар хөх өнгийн жинсэн өмдтэй, барзгар нүүртэй, 150-155 см өндөртэй, хагас түрийтэй хар өнгийн гуталтай явж байгаа гэх. Иймд иргэд та бүгдээс Цагдаагийн байгууллага иргэдээс гэмт хэргийн талаархи мэдээ мэдээлэл худалдан авах журмын дагуу дээрх хэргийн талаархи үнэн зөв мэдээлийг өгч хамтран ажиллана уу? Холбоо барих утас: 7052102, 99522102, 80522102, 96522102" гэжээ.