Өнгөрсөн Бямба гараг/2021.11.13/-т АНУ-ын Мичиган мужийн Бивер арлын ойролцоо нисэж явсан хос хөдөлгүүртэй жижиг онгоц осолдож, дөрвөн хүн амиа алджээ. Онгоцонд таван хүн сууж явсан бөгөөд 11 настай охин ганцаараа амьд үлдсэн байна.
Холбооны Нисэхийн Захиргаа(FAA)-ны мэдээлснээр “Бриттон-Норман BN2P” нэртэй тус онгоц орон нутгийн цагаар 14:30 цагийн орчимд осолджээ. Энэ үеэр АНУ-ын эргийн хамгаалалтын алба (USCG) тус бүсэд сургалтын нислэг хийж байсан бөгөөд ослын дохиог хүлээн авсны дараа тусламж үзүүлэхээр очсон байна. Ослын газарт очиход гурван иргэн газар дээрээ нас барсан байсан бол 11 настай охин, нэг эрэгтэй амьд байжээ. Тэднийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн ч эрэгтэй нь удалгүй нас барсан байна.
Ослын шалтгааныг одоогоор цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.
Эх сурвалж: CNN