НМХГ: Зөвхөн нэг болон 0.5 килограммаар савласан Норов 7, Мана 4 эмийг эмийн бүртгэлээс хасуулах саналыг гаргасан

НМХГ: Зөвхөн нэг болон 0.5 килограммаар савласан Норов 7, Мана 4 эмийг эмийн бүртгэлээс хасуулах саналыг гаргасан

-ВИРУСИЙН ЭСРЭГ ЭМИЙГ 350-2500 ТӨГРӨГӨӨР НЭМЖ ЗАРЖ БАЙЖЭЭ-

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотын алслагдсан байршилд үйл ажиллагаа явуулдаг 120 эмийн сангийн 92 эмийн санд нь төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийсэн байна. Шалгалтаар эмийн хангамж, хүртээмжид хяналт шалгалт хийхийн зэрэгцээ үнийн судалгааг гаргаж, эмийн чанар, аюулгүй байдал, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгсөн байна. 

Хяналт, шалгалтад хамрагдсан эмийн сангуудаас тасалдал үүссэн эмийн жагсаалтыг гаргуулан авч үзэхэд 25-30 нэрийн импортоор орж ирдэг өргөн нэрийн бактер, мөөгөнцрийн эсрэг эмүүд, эмнэлгийн хэрэгсэл тариур, дотоодын хоёр эмийн үйлдвэрийн 10 аад нэр төрлийн судсаар сэлгэх тарилгын шингэний олдоц ховордсон байна. Мөн өргөн хэрэглээний эмийн үнийн судалгааг харахад эм ханган нийлүүлэх байгууллагаас татан авсан үнийн дүн дээр 10-30 хувийн нэмэгдлийг нэмж худалдаалж байсан нь шалгалтаар тогтоогджээ. 

Вирусийн эсрэг эмийн дээд үнийг тогтоосон байдаг. Гэтэл энэ хязгаараас давсан буюу 350-2500 төгрөгөөр хэтрүүлэн худалдаалж байсан зөрчил шалгалтаар илэрсэн байна. Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдагЦахиур, Жиба, Эрдэнэсуварга эмийн сан тогтоосон үнээс хэтрүүлэн худалдаж байжээ.

Хяналт шалгалтаар нийт 87 зөрчлийг илрүүлж газар дээр 37-г нь арилгуулах арга хэмжээ авчээ. Мөн 22 аж, ахуй нэгжид хугацаатай үүрэг даалгавар өгснөөс гадна эрх бүхий албан тушаалтны даалгаврыг гурван газарт өгч хэрэглэгчид нь хяналт тавин ажиллажээ. Цаашлаад эмийн сангийн тусгай зөвшөөрлөө сунгуулаагүй, гарал үүсэл тодорхойгүй эм худалдаж байсан компаниудад Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэсэн байна. 

Мөн "Ариун Монгол" компанийн нэг кг-аар савлагдсан Норов-7, Мана-4 эмийг Монгол улсын эм бүртгэлээс хасуулах саналыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт хүргүүлжээ. Тодруулбал, 0.5, 1 кг-аар савласан Норов-7, Мана-4 эмийг эмийн үйлдвэрээс бөөнөөр нь худалдаж аваад жижиглэн савлаж зарахдаа хаяг шошгын зөрчил гаргаж байна гэж НМХГ-аас үзсэн байна. Тиймээс энэ компанийн дээрх савлагаагаар савлагдсан Норов-7, Мана-4 эмийг эмийн бүртгэлээс хасуулахаар болсон гэв. Зөвхөн тус савлагааны эмийн бүртгэлийг хасуулах санал хүргүүлж байгаа аж. Жижиглэнгээр савласныг хасч байгаа юм биш гэж НМХГ-аас тайлбарлалаа. 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө