ХАРУУЛЫН ДАРГАА ХӨНӨӨСӨН ЦЭРЭГ Х-ИЙН ЭЭЖ: Хүүд минь бага ял оноогоосой

ХАРУУЛЫН ДАРГАА ХӨНӨӨСӨН ЦЭРЭГ Х-ИЙН ЭЭЖ: Хүүд минь бага ял оноогоосой

Энэ оны дөрөвдүгээр сард /2021.04/ Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт байрлах Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Баянтоорой заставын хугацаат цэргийн алба хаагч Х, М нар харуулын даргаа хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан. 

Байлдагч Х, М нарт холбогдох хэрэгт Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.9, 2.11, 28.5 дугаар зүйлийн 1, 28.7 дугаар зүйлийн 2, 28.8 дугаар зүйлийн 1, 28.15 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлсэн байдаг.

Тэгвэл тус хоёр байлдагчид холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2021.11.15/ 10:00 цагт Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, арав гаруй цаг хуралдан түр завсарлаж, өнөөдөр үргэлжилж, шийдвэрээ гаргах юм. Тэгвэл өнөөдрийн шүүх хуралдаан 10.00 цагт эхэлжээ. 

Энэ талаар байлдагч Х-ийн ээжээс Эргэлт.мн сайтад “Хүүгийн минь биеийн байдал хэвийн байгаа. Хүүд минь холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр болж байна. Бид Ховд аймгаас ирээд, шүүхийн гадаа байна. Биднийг шүүх хуралд оролцуулахгүй, хаалттай болж байгаа. “Хүүд минь бага ял өгөөсэй” гэж залбираад, шүүхийн гадаа сууж байна” гэж ярьжээ.