Б. Жавхлан: Хариу зөрдөггүй PCR шинжилгээний төхөөрөмжийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана

Б. Жавхлан: Хариу зөрдөггүй PCR шинжилгээний төхөөрөмжийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана

БНХАУ-ын Эрээн хотод коронавирусын халдвар тархсантай холбогдуулан Эрээн авто замын боомтын үйл ажиллагааг 2021 аравдугаар сарын 14-ний өдрөөс тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Үүнтэй холбоотойгоор Замын-Үүд боомтоор орж ирдэг ачаа тээвэр тодорхойгүй хугацаагаар саатаад байна. Үүсээд буй асуудлыг шуурхай шийдвэрлэж, хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэхээр Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Сангийн сайд Б.Жавхлан тэргүүтэй арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Замын-Үүд боомтод ажиллажээ.

БНХАУ-ын талаас чингэлэг тээврийн терминал байгуулах, жолооч хоорондын харилцаа үүсэхгүй байх тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх саналыг ГХЯ-д тавьжээ. Хятадын талаас тавьсан саналыг хүлээн авч богино хугацаанд хилээ нээх, бараа бүтээгдэхүүний эргэлтээ хэвийн түвшинд хүргэх талаар Дорноговь аймгийн удирдлага, хилийн боомтын зөвлөл, жолооч нартай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Хил нээхэд шаардлагатай чингэлэг тээвэр, тусгаарлах байр, хятадын талтай хариу зөрдөггүй PCR шинжилгээний төхөөрөмж зэргийг шуурхай шийдвэрлэхэд засгийн газар бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллана" гэдгийг онцоллоо. Түүнчлэн хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, халдвар хамгааллын дэглэм чанд баримталж, богино хугацаанд хэвийн ажиллах нөхцөл бүрдүүлэхийг сум орон нутгийн удирдлага, хилийн боомтын захиргаанд үүрэг болголоо.