Шотландын “Saica Natur” хэмээх компани 1300 тонн ахуйн хог хаягдлыг БНХАУ-руу хууль бусаар тээвэрлэхийг завдаж, 30 мянган ам.доллараар торгуулжээ.
Тодруулбал, “Saica Natur” үйлдвэрлэлээс гарсан хогийг хагас дутуу дахин боловсруулж, Хятад руу экспортлох гэж байсан нь шалгалтын үеэр тогтоогдсон байна.
Хаягдал цааснуудыг дахин боловсруулсны дараа багцлан боодол хэлбэрээр экспортолдог. Хятад руу илгээх гэж байсан тээвэрт Шотландын Байгаль орчныг хамгаалах агентлагийн ажилчид санамсаргүй байдлаар шалгалт хийхэд дутуу боловсруулсан хуванцар, хэрэглэсэн живх, төмөр, шил, хүнсний хог хаягдал зэрэг байсан аж. Улмаар тус компанийг 30 мянган ам.доллараар торгож, бүх экспортоо зогсоохыг тушаасан байна.
Шотландын Байгаль орчныг хамгаалах агентлагийн Гүйцэтгэх захирал Терри А'Херн “уг явдал нь ноцтой гэмт хэрэг бөгөөд хог хаягдлын дахин боловсруулалтын хяналт зохистой явагддаг эсэхэд эргэлзээ төрүүлж болзошгүй” гэжээ.
Тус компани үйлдвэрлэлээс гарсан хаягдал цаасаа Манчестер дахь салбартаа илгээдэг байсан ч 2016 оны гарсан галын улмаас технологийн хүчин чадал нь буурч, гадаад руу экспортолж эхэлжээ.
Эх сурвалж: CNN