Холимог тулааны тамирчдын төлөөлөл "Фашистуудын хайраар дутаагүй" сэдвээр мэдээлэл хийлээ

Холимог тулааны тамирчдын төлөөлөл "Фашистуудын хайраар дутаагүй" сэдвээр мэдээлэл хийлээ

Холимог тулааны тамирчдын төлөөлөл өнөөдөр/2021.11.17/ "Фашистуудын хайраар дутаагүй" сэдвээр мэдээлэл хийлээ.

Залуусын төлөөлөл "Өнөөдөр бид Монгол улсын иргэний хувьд хүний эрх, эрх чөлөөгөө хамгаалж байр сууриа илэрхийлэхээр тус хурлыг зарласан. Та бүхэнд мэдээллээ цэгцтэй хүргэх үүднээс үндсэн мэдээллээ товчхон уншиж танилцуулья. Монгол улсад аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхах, хууль ялгавартай үйлчлэх, мөн фашист нацист хэлбэрийн үйл ажиллагаанууд хэмжээ савнаасаа халилаа. Монгол улс Үндсэн хуультай, түүнийгээ дагаж мөрдөж, хадгалж хамгаалах нь зүй ёсны хэрэг. Иймд,

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРИМ ХЭСГЭЭС САНУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ

Монголын ард түмэн бид:

-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,

-хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,

-төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,

-хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,

-эх орондоо ХҮМҮҮНЛЭГ, иргэний АРДЧИЛСАН нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. хэмээн даяар олноо тунхагласан.

Мөн Үндсэн хуулийн ХОЁРДУГААР БҮЛЭГ,

ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ

Арван дөрөвдүгээр зүйл.

1.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө ЭРХ ТЭГШ байна.

2.Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.

Арван зургадугаар зүйл.

Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:

1/амьд явах эрхтэй.

2/эрүүл, аюулгүй орчинд амьдрах

6/эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй.

12/төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй;

13/халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;

15/шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй;

16/итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй.

18/улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй.

Засгийн газрын үндсэн чиг үүрэг бол хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм.

Харамсалтай нь өнөөдөр тайван замаар үзэл бодлоо илэрхийлсэн иргэд, залуучуудаа барьж хорьж, хилс хэрэг тулгаж, тэр ч бүү хэл Фашист, нацист, расист хэлбэрийн үг үйлдэлтэй этгээдүүд  олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдийг, залуусыг айлган сүрдүүлж заналхийлэх боллоо. Ялангуяа Монгол улсад хүний эрх, эрх чөлөө, хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байхыг шаардаж, үзэл санаагаараа нэгдсэн мянга мянган залуусруу эрээ цээргүй заналхийлэх боллоо.

Бид Монгол улсын Үндсэн хуулийн хүрээнд ажиллаж амьдарч байгаа иргэдийн хувьд, олон улсад хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн Ардчилсан Монгол Улс гэдгээ сурталчилан таниулахын төлөө олон улсын тэмцээн уралдаанд өөрсдийгөө дайчлан хичээж буй Монгол залуусын төлөөлөл. Бид тулааны урлагт ёс зүйн хэмжээг сахиж, дүрэм журмыг хүндлэн сахидаг, хүүхэд залуустаа үлгэр дуурайлал болж итгэл урам зориг төрүүлэх хүсэл эрмэлзэлтэй тулааны спортын тамирчид.

Бид өнөөдөр Монгол улсад хууль байгаа гэдэгт итгэдэг, шударгаар хууль сахиулахын төлөө ажилладаг олон энгийн албан хаагчид байгаа гэдгийг ойлгож хүндэлдэг. Монгол улс иргэдийнхээ Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг ГАГЦХҮҮ ХУУЛИАР хамгаалах ёстой гэдэгт итгэдэг. Харин өнөөдөр энэ байдал алдагдах вий гэхээс санаа зовниж байна. Хууль сахиулагчдыг Төр хуулиар хамгаалж, татвар төлөгчид нь тэднийгээ ажиллах нөхцөлөөр хангадаг. Гэтэл хууль сахиулагчдыг фашист, нацист хэлбэрийн этгээдүүд хамгаалж өмгөөлж байгаа нэрийн доор удаа дараа иргэдийг айлган сүрдүүлж байгааг дуугүй хараад сууж чадахгүй нь. Хэрэв өнөөдөр хууль сахиулагчид нь иргэдээ тэдгээр фашист хэлбэрийн нөхдүүдээс хамгаалахгүй юм бол, хууль сахиулагчид нь фашистуудаар хамгаалуулах хэмжээнд хүрчихсэн юм бол иргэд бид өөрсдийгөө, дүү нар залуусаа, үр хүүхдүүдээ, иргэдээ хамгаална.

Бид Фашистуудын хайраар дутаагүй!

Хүний эрхийг дээдэлдэг Үндсэн хуультай Монгол улсад фашист, нацист, расист үзлээр зэвсэглэсэн хэт даврагсдыг иргэд залуучууд ингэж давраахгүй гэдгийг хатуу анхааруулж байна. Үндсэн хуульт Монгол улсад фашистуудад гишгэх газар байх ёсгүй. Бидний өвөг дээдээс фашист нацистуудын эсрэг бат зогссон түүхтэй.

ЯАГААД Хуулийн өмнө эрх тэгш байхыг шаардаж алаг үзлийг эсэргүүцсэн “нөү дабл” стандарт хөдөлгөөний залууст "хууль бус" хууль үйлчлээд, харин фашист нөхдүүдэд яагаад "хууль ёсны" хууль үйлчлэхгүй байна вэ? Бид хангалттай хүлээцтэй ажиглалаа. Фашистуудаас айж эмээсэндээ дуугүй хараад суусан юм биш. Хууль мөрдөхийг шаардсан Одбаяр, Монголхүү, Амараа, Чинбат, Ган-Очир зэрэг олон арван залууст яагаад "ХУУЛЬ БУС" хууль үйлчлээд, харин фашист нацистуудад хууль үйлчлэхгүй байгааг гайхаж байна.

Хэрэв фашистууд жунглийн хуулиар асуудлыг шийдэх хэмжээнд хүрчихсэн юм бол, асуудлыг муйхар нударгын хүчээр шийддэг болчихсон юм бол бид Монгол улсын Үндсэн хуулиа хамгаалж хатуухан тэмцэнэ гэдгээ сануулмаар байна!

Монгол үндэстний түүх соёл, уламжлалыг фашист нацист хэлбэрээр хамгаалдаггүй юм, тэгэхийг ч зөвшөөрөхгүй. Монголын охид залуусын хүсэл зориг итгэл үнэмшилрүү фашист нацист хэлбэр хөөсөн нөхдүүд ахиж халдахыг зөвшөөрөхгүй.

Монгол улс бол НҮБ-ын өмнө үүрэг хүлээсэн олон улс оронтой нөхөрсөг харилцаатай гишүүн орон. Хүн төрөлхтний эв найрамдалын бэлэг тэмдэг Олимпийн наадам, олон улс, тив дэлхийн тэмцээн, олон төрөлт үйл ажиллагаанд оролцож байгаа нь үндсэрхэх, арьс өнгө, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахын эсрэг нэгдэж буй хэлбэр байдаг. Фашист нацистууд бол Монгол улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлэгч, олон улсад Монголын нэр хүндийг унагаах зорилготой, хүний эрх, эрх чөлөөнд ноцтой хохирол учруулж байгаа гэмт этгээдүүд. Гадаадад улс оронд сурч боловсорч, ажиллаж амьдарч буй олон мянган Монголчуудад битгий гай бол.

Дахиад хэлье, Монгол улс, Монголын жирийн шударга хууль сахиулагчид, Монголын итгэл үнэмшилдээ хөтлөгдөн тэмүүлж буй охид залуус, ард иргэд "Фашистуудын хайраар дутаагүй” гэв.