Эрүүл мэндийн яамны ТНБД Ц.Эрдэмбилэг "Эксклюзив" ХХК-ийн хамгаалалтын хувцсыг худалдаж аваагүй талаараа тайлбар өгөв

Эрүүл мэндийн яамны ТНБД Ц.Эрдэмбилэг "Эксклюзив" ХХК-ийн хамгаалалтын хувцсыг худалдаж аваагүй талаараа тайлбар өгөв

"Эксклюзив" ХХК үйлдвэрийн оёсон эрүүл мэндийн байгууллагын ажилчдын хамгаалалтын хувцсыг Засгийн газар, Эрүүл мэндийн яам худалдаж аваагүй, үндэсний үйлдвэрээ дэмжээгүй гэх мэдэгдлийг тус компанийн захирал Г.Майцэцэг хийсэн. Тэрбээр "Коронавирусийн цар тахлын халдварын үед манай үйлдвэр эрүүл мэндийн байгууллагын ажилчдын хамгаалалтын хувцсыг стандартын дагуу оёж эхэлсэн. Манайх хувцсаа 10 мянган төгрөгөөр худалдан борлуулж байгаа. Гэтэл Эрүүл мэндийн яам 25 мянган төгрөгийн үнэтэй хувцсыг гаднаас импортлож байна. Үндэсний үйлдвэрүүдээ дэмжддэггүй" гэсэн билээ. 

Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг тайлбар өглөө. Тэрбээр "Дотоодын худалдан авалтууд Монголын тендерийн хуулиар зохион байгуулагддаг. Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар орж ирсэн хөрөнгөөр гадаадаас хамгаалалтын хувцас, хэрэглэл оруулж ирэх худалдан авалтыг зохион байгуулсан байдаг. Тэр нь олон улсын худалдан авалтынхаа зарчмаар хийгдсэн. Бид тухайн үед дотоодын компаниудыг шалгаруулж мэдээллийг нь илгээхээр Азийн хөгжлийн банкны Худалдан авах ажиллагааны газраас "Энэ бол танай хуулиар явахгүй. Олон улсын худалдан авалтын зарчмаар явна" гэсэн хариуг өгч байсан" гэлээ.